Шууд Chart

Технологийн гүнзгийрүүлсэн сургалттай бие даасан 30 ахлах сургууль байгуулна

2015-02-04 14:11:04

Өнөөдөр УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж  “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцлээ.

Зээлийн хэлэлцээрүүдийн танилцуулгыг Эрчим хүчний сайд Д.Зоригт хийсэн юм. Тэрбээр, хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн сайжруулахад уг төслийн зорилго оршиж байна гээд төслийн хүрээнд МБСБ-уудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэн нутагшуулах, багш, удирдах ажилтнуудын чадавхжуулах тогтолцоог бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн чиг баримжаа олгох, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, бие даасан ахлах сургууль байгуулан сургалтын хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлэх ажлууд хийгдэнэ хэмээсэн юм.
 
Мөн уг төслийг эхлүүлснээр сонгогдсон 20 МБС-ын байгууллагуудыг голлох ажил мэргэжлийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаа болон 15 ажил мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж баталгаажуулан хэрэгжүүлэх юм. Багш болон үнэлээчдийг чадавхжуулах тогтолцоог бүрдүүлэн Үнэлгээний төвүүд байгуулагдана. Технологийн гүнзгийрүүлсэн сургалттай бие даасан 30 ахлах сургууль байгуулж, тоног төхөөрөмжөөр хангагдах юм байна.
 
Төслийн нийт өртөг нь 28.59 сая ам.доллар байх бөгөөд үүнээс 25 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Зээл нь 25 жилийн эргэн төлөгдөх хугацаатай, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба жилийн 2 хувийн хүүтэй юм байна. Монгол Улсын Засгийн газар төсөл хэрэгжүүлэхэд 3.59 ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаарлагатай бөгөөд үүнээс 2.6 сая ам.доллар нь татвар хураамж болон магадлашгүй зардалд зарцуулагдана. Харин 0.99 сая ам.долларын санхүүжилтийг бараа үйлчилгээ хэлбэрээр гаргах юм. Төслийг 2015-2019 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд хэрэлжүүлэхээр заажээ.
 
Танилцуулгатай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, зарим асуудлаар тодруулга авсан юм. Тухайлбал Ц.Нямдорж гишүүний энэ хоёр зээлийн хэлэлцээрийг хийснээр өрийн тааз нэмэгдэх эсэх тухай асуултад Сангийн яамны өрийн удирдлагын хэлтсийн дарга н.Нарангэрэл хариулахдаа, Зээлийн хэлэлцээрийн талаарх яриа хэлэлцээ өнгөрсөн наймдугаар сард хийгдсэн. Зээлийг авахад өрийн тааз нэмэгдэхгүй болохыг хэлж байсан юм. Гишүүдийн асуулт асууж, саналаа ажлын хэсгийнхэнд дуулгасны дараа зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 22 гишүүн санал нэгтэй дэмжиж хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Технологийн гүнзгийрүүлсэн сургалттай бие даасан 30 ахлах сургууль байгуулна  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй