Шууд Chart

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт орууллаа

2015-02-05 11:06:28

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.

Энэ тухай цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас” гэж заасны “...болон түүний гэр бүлийн гишүүний...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх заалтын “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.
 
Харин цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар танилцуулсан юм. Тус байнгын хороо өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “...болон түүний гэр бүлийн гишүүний...” гэснийг хасах нь зүйтэй гэж үзсэн байна.
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаарх цэцийн гишүүний танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Р.Гончигдорж, О.Баасанхүү нарын асуултад Байнгын хорооны дарга болон Үндсэн хуулийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хариулт өгсөн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга Г.Туулхүү гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2002 оны 1 дүгээр сарын 10-нд батлагдсанаас хойш хуулийн энэ заалтыг нэг ч удаа хэрэглээгүй байгаа гэдгийг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг хуулийн 55.1.2 дахь зохицуулалтыг хийхдээ ял зэмлэлийг халдааж хэрэглэж болохоор ойлгож болох тал харагдаж байгаа. Тиймээс цэцийн энэ дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй юм гэж байнгын хороот үзсэн гэдгийг тодруулж хэлсэн юм.
 
Ингээд байнгын хорооны саналаар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 41 нь буюу 73.2 хувь нь дэмжив. Иймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Улмаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар баталлаа. Хуульд оруулсан өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй