Шууд Chart

Л.Эрдэнэчимэг гишүүн архины хяналтын тухай хуулиа дахин өргөн барина

2015-02-05 12:06:38

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татаж байгаа талаар мэдээлсэн билээ. Харин үүний дараа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хуулийн төслөө эргүүлэн татсан талаараа мэдээлэл хийв.

Тэрбээр энэ үеэр Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд эсэргүүцэж, хууль санаачлагчийн хувьд эргүүлэн татсан гэсэн юм. Үүнээс гадна манай улс жилд 120 сая литр архи, шар айраг үйлдвэрлэж байгаа бөгөөд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдсэн гэмт хэрэг, зам тээврийн осол жил тутам өссөөр байна. Мөн манай улс элэгний хорт хавдар, цус харвалт өвчний үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог, энэ төрлийн өвчний суурь шалтгаан нь согтууруулах ундаа байдаг гэдгийг тэрбээр онцлосон юм.
 
Тиймээс ойрын хугацаанд энэ хуулийн төслийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоотой хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж, тодорхой саналуудыг тусгасны дараа 2015 оны хаврын чуулганд Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг дахин өргөн барина гэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Л.Эрдэнэчимэг гишүүн архины хяналтын тухай хуулиа дахин өргөн барина   
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй