Шууд Chart

Эвслийн бүлэг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар завсарлага авлаа

2015-02-05 13:25:50

УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар өнөөдөр ээлжит чуулганы үеэр хэлэлцлээ.

2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газар, Намын бүлгүүд болон байнгын хороодоос нийт 200 орчим санал ирүүлсэн юм. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцуулгадаа, УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд; УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүд; өргөн мэдүүлээгүй боловч УИХ-ын даргын захирамжаар төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр хугацаа заасан төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзлээ гэдгийг дурдав. Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байна. Түүнчлэн УИХ одоогоор бие даасан хууль 6, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 34, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хууль 7, Улсын Их Хурлын 55 тогтоол хэлэлцэж батлаад байна гэдгийг тэрээр нэмж тодотгосон юм.
 
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Р.Амаржаргал, Л.Болд, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Н.Энхболд, Ё.Отгонбаяр, З.Баянсэлэнгэ нар асуулт асууж тодруулав. Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн асуултад хариулахдаа, энэ оны нэгдүгээр сарын 20-нд хууль санаачлах эрх бүхий субьектүүд, намын бүлгүүдэд албан бичиг явуулсан. Гол нь өргөн мэдүүлэгдсэн төслүүдийг жагсаалтад оруулах зарчим барьсан. Тухайлахад, АН-ын бүлгээс хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар 35 төсөл ирүүлснээс 19 нь өргөн мэдүүлэгдсэн байна, үүнээс зургаан төслийг жагсаалтад оруулсан. Харин МАН-ын бүлгийн 12 төслөөс ес нь өргөн мэдүүлэгдсэн, үүнээс тавыг нь жагсаалтад оруулсан бол “Шударга ёс” эвслийн бүлэг 29 төсөл санал болгосноос дөрвөн нь өргөн мэдүүлэгдсэн, үүнээс хоёр төслийг жагсаалтад оруулсан.
 
УИХ-ын гишүүд, нам, эвслийн бүлгүүд, Ерөнхийлөгч, Засгийн газраас санал болгосон зарим хуулийн төслийг жагсаалтад нэмж оруулах зарчмын зөрүүтэй саналуудаар байнгын хороо санал хурааж шийдвэрлэсэн. Санал болгосон бүх төслийг жагсаалтад оруулах боломжгүй. Жагсаалтад ороогүй хуулийн төслүүдийн ач холбогдлыг харгалзан тухай бүрт нь даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд “Бусад” гэсэн ангилалд оруулж хэлэлцээд явах бололцоотой гэдгийг хэллээ.
 
Харин тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа тус эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ илэрхийлсэн юм. Ингээд УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эвслийн бүлэг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар завсарлага авлаа  
Үзсэн: 960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй