Шууд Chart

УИХ-ын дарга Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг буцаан татах нь зүйтэй гэв

2015-02-05 13:39:47

Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Чөлөөт бүсийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Үүний дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы хуралдааны үеэр байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Лүндээжанцан, Д.Арвин, Г.Баярсайхан нар асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, урьд нь эдийн засгийн, худалдааны гэсэн чөлөөт бүсүүд тус тусдаа хуультай, эрх зүйн өөр өөр зохицуулалттай байсныг хуулийн шинэчилсэн найруулгаар нэгдсэн нэг хуультай, нэгдсэн бодлого, зохицуулалттай байхаар тусгаж өгсөн. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар чөлөөт бүсэд казино байгуулахыг зөвшөөрсөн байгаа. Харин хуулийн шинэчилсэн найруулгад казино гэсэн нэрээр биш бооцоот тоглоом гэсэн нэрээр орсон тул Казиногийн тухай хууль батлагдсанаар Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарахгүй гэдгийг хэллээ. Мөн чөлөөт бүсэд газар олголтыг ямар хугацаатай, ямар нөхцөлтэй олгохыг энэ хуулиар зохицуулсан байгаа гэлээ.

Чөлөөт бүсэд газрыг дур мэдэн худалдах асуудал их байгаа талаар зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байв. Энэ талаар “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчид тухайн чөлөөт бүсэд одоогоор нэг ч га газрыг иргэд, аж ахуйн нэгжид олгоогүй байгаа гэдгийг хэллээ. Харин “Алтанбулаг” чөлөөт бүсийн тухайд газрыг худалдах биш хэсэгчилсэн хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх ашиглуулах гэрээ байгуулсан. Одоогоор энэ бүсэд 120 аж ахуйн нэгжид 190 га газрыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлж байгаа гэдгийг ажлын хэсгээс нэмж хариулсан юм. Харин Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү чөлөөт бүсэд газар худалдсан явдал байхгүй, бүх газар төрийн мэдэлд байгаа. Энэ хуулиар чөлөөт бүсийн газрыг худалдах, түрээслэхийг бүрмөсөн хаасан байгаа гэсэн хариулт өгөв.
 
Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах байсан ч УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс маш олон санал гарсан байна, нөгөөтэйгүүр чөлөөт бүсэд орон сууц барих зөвшөөрөл олгосон тухай яриа ч байна. Иймээс хуулийн төслийг Засгийн газарт буцаагаад ажлын хэсгээс дэмжсэн саналуудыг төсөлд тусган дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй юм” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Харин энэ талаар Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан 51 санал байгаа. Энэ хуулиар чөлөөт бүсэд орон сууц барих тухай асуудал байхгүй. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэлээ дэмжих үүднээс чөлөөт бүсийн эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай байгаа тул ажлын хэсгийн саналаар санал хурааж хуулийн төслийг хэлэлцээд явах нь зүйтэй юм” гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.
 
Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулган үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлнэ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дарга Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг буцаан татах нь зүйтэй гэв  
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй