Төрийн албаны зөвлөл Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу хоёрдугаар сарын хоёрны өдөр Аж үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Сонгон шалгаруулалтад 36 иргэн бүртгүүлснээс 10 нь шалгалтад тэнцжээ.
Төрийн албаны зөвлөл 2015 оны тавдугаар хуралдаанаараа энэхүү сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд, тухайн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авсан доорх хүмүүсийг Төрийн нарийн бичгийн даргаар томилох санал гаргасан байна. Тодруулбал:
- Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар НХХЯ-ны дэд сайд асан Д.Нямхүү
- Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар “Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал асан Ж.Бат-Эрдэнэ
- Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д. Артаг
- Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Магнайсүрэн
- Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Ариунболд нар хамгийн өндөр оноо авсан байна.
Төрийн албаны зөвлөлөөс эдгээр хүмүүсийг Төрийн нарийн бичгийн даргаар томилуулах саналаа Засгийн газарт хүргүүлэх ажээ.
Дашрамд дурдахад, Шийдлийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа өнгөрөгч оны 12 дугаар сард зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон билээ. Тухайлбал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Дэлгэрцогт нарыг томилсон юм.
Төрийн нарийн бичгийн дарга нар тодорчээ | ||
Үзсэн: 3147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.