Шууд Chart

“Амгалан” дулааны станцийн барилгын ажлыг эхлүүлнэ

2013-08-20 17:13:32

 “Амгалан” дулааны станцийн газар чөлөөлөлтийн ажлыг дуусгажээ. Барилгын ажлыг энэ сарын 21-нд албан ёсоор эхлүүлэхээр болсон байна.

УС-15-ыг буулгаж, оронд нь  бариж  буй энэ станцийг, “Чингис” бондын хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн билээ. Шинэ дулааны станц барих аж ахуйн нэгжийг хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж,  Эрчим хүчний  яам сонгон шалгаруулсан. Амгалан дулааны станц барих ажилд БНХАУ-ын компани шалгарсан байна. Одоо барилгын зураг төсвийн ажлаа баталгаажуулахаар ажиллаж байна. Харин УС 15-ын газар чөлөөлөлтийн ажилд зориулж, нийслэлээс 6 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм байна. Гэрээний дагуу бол 12 сарын 15-нд багтаагаад эхний зуух ашиглалтад орох ёстой.  Амгалан дулааны станц ашиглалтад орсноор 13-р хорооллын хэмжээний хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх ажээ.
 
"АМГАЛАН" ДУЛААНЫ СТАНЦЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
Төслийн зорилго: Улаанбаатар хотын зүүн хэсэгт одоогийн УС-15 - ын оронд шинээр 348 МВт хүчин чадалтай дулааны шинэ эх үүсвэр барьж хотын дулаан хангамжийн системийг найдвартай болгох, одоогийн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ачааллыг бууруулж хөнгөлөх, өсөн нэмэгдэж байгаа ачааллын зарим хэсгийг хаахад оршино.
 
Төслийн төлөвлөлт:
 1.Төслийн нэр: "Амгалан" дулааны станц 
 2.Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, одоогийн УС-15 халаалтын зуух
 3.Дулааны станцын суурилагдсан хүчин чадал: 3 x 116MBт = 348 МВт; /300Гкал/цаг/
 4.Төвлөрсөн дулаан хангамжийн системийн дулааны тооцоот ачаалал: 237 Гкал/цаг
 5.Эх үүсвэрээс дулааны дулааны дэд станц хүртэлх төв шугамын урт: 2 х 6000 метр
 6.Дулаан дамжуулах төвийн тоо: 7
 7.Цахилгаан хангамж: 110/10кВ-ийн агаарын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах шугам дэд станцын хамт угсарна.
 
Төслийн загварчилал: "Амгалан" дулааны станцыг орчин үеийн техник технологид суурилагдсан, ашигт үйлийн коффициент өндөртэй нам температурын эргэх буцламтгай үед шаталттай технологийн зуухтай, бүрэн автомат компьютерийн удирдлагатай, хүрээлэн буй орчинд учируулах хор нөлөө хамгийн бага байхаар, 2 дугаар контурын сүлжээтэй бүрэн зохицож ажиллах боломжтой зуух байна. Урьдчилсан төлөвлөлтөөр тус станцын төслийн суурилагдсан хүчин чадал 300 МВт, нүүрс хүлээн авах вагон хөмрөгч, нүүрс хадгалах битүү сав, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, шаарга хадгалах сав, усыг шүүж зөөлрүүлэх ус цэвэрлэгээний төхөөрөмж, сүлжээний усны насостой байна.
 
 Сүлжээний өгөх усны температур 130 целсийн градус, даралт 1,6МПа, сүлжээний буцах усны температур 70 целсийн градус байх ба Улаанбаатар хотын нэгдсэн дулааны шугам сүлжээнд 700мм-ийн голчтой тусдаа хос 2 шугамаар холбогдоно. Станцын үндсэн болон туслах тоноглолуудын удирдлага нь DCS (автомат компьютерийн удирдлагын систем) - тэй байх бөгөөд SKADA системтэй холбогдоно.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Амгалан” дулааны станцийн барилгын ажлыг эхлүүлнэ  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй