Шууд Chart

“Эдийн засгийн хүндрэлийг давах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болов

2015-03-18 15:37:29

Сангийн яамны “Түшээ” танхимд “Эдийн засгийн хүндрэлийг давах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Сангийн яам, Эдийн засгийн сэтгүүлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн засаг, нийгмийн судалгааны төвүүд, төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, бизнесийн төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болоод тус уулзалт, хэлэлцүүлгийн ач холбогдолын талаар мэдээлэл өгөв. Мөн “Эдийн засгийн хүндрэлийг давах арга зам” сэдвээр Г.Батхүрэл /Сангийн яам, Эдийн засгийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/, “Хэрэглэгчийн итгэлийн индекс” сэдвээр Б.Алтанцэцэг /МУИС, ШУС, Нийгмийн ухааны салбар, Эдийн засгийн тэнхимийн доктор, дэд профессор/, “Иргэдийн эдийн засгийн боловсрол-хөгжлийн боломж” сэдвээр Т.Дорж /Эдийн засгийн сэтгүүлийн эрхлэгч, Академич/ нар илтгэл тавьлаа.

Өнгөрсөн 2014 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онтой харьцуулахад 8.5 дахин буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Энэ нь 2009 оны санхүү, эдийн засгийн хямралын үед байсан түвшнээс бага юм. Үүний зэрэгцээ 2012 оноос эхлэн гадаад худалдааны нөхцөл муудсанаар Монгол Улсын экспорт 2012 онд өмнөх оны түвшнээс 432 сая ам.доллар буюу 9 хувиар, 2013 онд өмнөх оны түвшнээс 115 сая ам.доллар буюу 3 хувиар тус тус буурсан байна. Энэ нь Монгол Улсын гадаад цэвэр актив 2013-2014 онд ДНБ-ий 33.7 хувьтай тэнцэх хэмжээгээр огцом буурахад шууд нөлөөллөө. Ийнхүү Монгол Улсын эдийн засагт 2012 оны сүүлийн хагасаас үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл нь 2013 онд хямралын шинжтэй болж, түүний сөрөг нөлөөлөл 2014 оны туршид үргэлжлээд байна. Иймд Монгол Улсын эдийн засагт үүссэн дээрх хүндрэлд нэгдсэн дүгнэлт өгч, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих арга зам, боломжийг хэлэлцэн хүндрэлийг даван туулах нэгдсэн зөвлөмж гаргахаар тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлэгт оролцогчидтой хамтран хэлэлцэж, “Эдийн засгийн хүндрэлийг давах арга зам” зөвлөмжийг гаргалаа.


“Эдийн засгийн хүндрэлийг давах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болов  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй