Японы Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцын усан сангийн ойролцоо газраас цацрагийн түвшин нь нэлээд өндөр шалбааг ус байгааг олж тогтоосон байна. Токиогийн цахилгаан эрчим хүчний байгууллагаас мэдээлж байгаагаар энэ шалбааг усны гадаргуугаас 50 сантиметрийн өндөрт агуулагдаж байгаа цацрагийн түвшин нь цагт 100 миллисийверт буюу Засгийн газраас тогтоосон хэмжээнээс даваад байгаа юм байна.
Энэ хэмжээ нь хүний эрүүл мэндэд гойд халтайг эрдэмтэд хэлж байна. Токиогийн эрчим хүчний байгууллага болоод цөмийн эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлж байгаагаар цацраг идэвхээр бохирлогдсон усыг хадгалдаг усан сангаас 300 тонн ус шүүрсэн байх магадлалтай гэнэ. Хэдийгээр Токиогийн эрчим хүчний байгууллага Номхон далайн ай савд химийн идэмхий бодис бүхий бохир ус шүүрээгүй гэсэн мэдээллийг өгч байгаа боловч зохицуулах хороо ийм тохиолдол гарсан эсэхийг нягталж тогтоох үүргийг өгсөн байна. Олон улсад цацраг идэвхийн түвшинг 0-7 шатлалаар аюултай, хортой гэж ангилан тогтоодог. Японы Фукушима Дайчигийн энэ байдал нь 7 буюу хамгийн аюултай байдлаас ч давахаар байгааг зарим мэргэжилтнүүд онцоллоо. Өнөөдөр тус аж ахуйн нэгж усан санд үлдсэн 700 тонн усыг өөр тийш нь зөөж, цацраг идэвхт ус чухам хаанаас шүүрч байгааг тогтоох ажиллагааг хийж эхлэх юм байна. Цацраг идэвхт ус усан сангийн ёроолоос шүүрч байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ба Үндэсний цөмийн зохицуулах хороо тус газрын хөрс, далайн усанд шинжилгээ хийхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ цөмийн цахилгаан станцын осол гэмтэлтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд бамбай булчирхайн хорт хавдарын өвчлөл нилээд нэмэгдсэн байж болох талтай гэсэн мэдээлэл байгаа аж. Цахилгаан станцын ослын үеэр Фукушима засаг захиргааны нэгжид амьдарч байсан 18- аас доош насны 320 мянга гаруй хүүхдүүдийг шинжилгээнд хамруулж, 210 мянгад нь эмнэлгийн шинжилгээ хийснээр бамбай булчирхайн хорт хавдартай хүүхэд 18 байжээ. Мөн 25 хүүхдэд энэ өвчний шинж тэмдэг илэрсэн гэнэ. Энэ төрлийн өвчнөөр өвдөх магадлал 18- аас доош насны хүүхдүүдийн хувьд хэдэн мянгад нэг тохиолддог аж. Цацрагийн аюулын улмаас энэ өвчлөлийн тохиолдол нэмэгдсэн гэдгийг шууд тогтоох аргагүй учир тусгай ажлын хэсэг байгуулан нягтлахаар болж байгаа юм байна.
| Японд цацрагаар хордсон шалбааг ус илрүүлжээ | ||
| Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.