
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн “Мөхөшгүй Найдварын Гал”, Томас Фрийдманы “Халуун хавтгай Хавтгай, Хавчигдмал Дэлхий”, Херман Шерийн “Эрчим хүчний бие даасан байдал” болон "Хятадыг 1 цагт" номын орчуулагч, эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
Тэрээр “Бизнесийн төлөвлөлт ба Сүнз”, “Европын зах зээлд нэвтрэх боломж” зэрэг номыг бичсэн юм. Бид энэ удаад түүнтэй урд хөрш Хятадын эдийн засгийн талаар ярилцлаа.
МАНАЙ ЭДИЙН ЗАСАГТ УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨЛТ, АЛСЫН ХАРААТАЙ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
-Та Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг яаж харж байна?
-Монголын эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжлийг хангана гэдэг маш чухал. Үүний тулд бид зөвхөн дотоод нөхцөл байдлаа судлахаас гадна гадаад орчныг, тэр дундаа Хятадыг судлахаас өөр аргагүй. Бидний хувьд эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг харахын тулд сар бүр гардаг таван тайлан үзэхэд хангалттай. Хүнээр ярих юм бол энэ таван тайлан бол эмнэлгийн бүх шинжилгээний хариуг харж байна гэсэн үг.
Нэгдүгээрт, статистикийн тайлан. Эндээс ажилгүйдэл, инфляци зэрэг нийгэм, эдийн засгийн индекс, тоонууд гардаг. Хоёр дахь нь гаалийн гадаад худалдааны тайлан. Энэ тайланд Монгол улс аль улсаас ямар бараа бүтээгдэхүүн татан худалдан авсан болон бид хаашаа юу гаргасныг харж болно. Сангийн Яамнаас гаргадаг тайланд тухайн сард төсвийн орлого, зарлага хэр байна, өмнө төлөвлөсөнтэй нийцэж байгаа эсэх, хэр алдагдал хүлээж байгаатай танилцаж болно.
Дөрөв дэх нь Монголбанкны тайлан. Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ, банкуудын нийт зээл, чанаргүй зээл хэд гээд зах зээл дээрх мөнгөний эргэлтийн талаар маш сайн мэдээлэл авч чадна.
Тав дахь нь татварын тайлан. Татварын тайлан дээр ямар салбар хэр их орлоготой байгаа, уул уурхайн салбар хэр их ашигт малтмал ашигласны төлбөр төлж байна, хөдлөх хөрөнгийн татвар хэдэн хувийн биелэлттэй байна, онцгой албан татварын хэмжээ хэр байв гэсэн мэдээлэл багтдаг.
-Энэ мэдээллийг судалснаар ямар үр дүнд хүрэх вэ?
-Сая дурдсан өнөөгийн нөхцөл байдал дээр тогтмол шинжилгээ хийгээд явбал богино хугацаанд ямар өөрчлөлт гарахыг мэдэж чадна. Манай улсын байгууллагад тийм чадавх хангалттай бий. Харин урт хугацаанд ямар зүгт явахаа, ямар өөрчлөлт оруулахыг төрийн бодлогоор хэрэгжүүлдэг. Тиймээс манай эдийн засагт урт хугацааны төлөвлөлт, судалгаанд тулгуурласан алсын хараатай бодлого хэрэгтэй байна. Аливаа улс урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулахын тулд гадаад орчны шинжилгээг сайн хийдэг. Манай хувьд гадаад орчныг судлахад хоёр хөрш маань маш чухал байр суурь эзэлнэ. Мөн гурав дахь хөрш орнууд орно.
Гадны улсууд дунд манайд хамгийн их нөлөөтэй нь Хятад гэж би боддог. Бид экспорт нэрийн дор энэ улс руу байнга түүхий эд гаргаад байх ёсгүй. Ямар нэг аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах ёстой. Миний харж байгаагаар бидэнд хятадын зах зээл дээр маш том боломж байдаг. Би сүүлийн дөрвөн жилд Хятадыг судалж байхдаа цаашид ямар бүтээгдэхүүн гаргавал болох бол, манай дотоодын давуу тал юу байна вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.
-Хятадыг судлах нь эргээд Монголын нөхцөл байдлыг сайтар ойлгоход чиглэсэн байжээ. Тэгвэл судалгаанаасаа бидэнд ямар боломжууд байгаа гэж харж байна?
-Олон боломж бий, мөн анхаарч хэрэгжүүлэхгүй бол эргээд эрсдэлд орох зүйлс ч харагдаж байна. Жишээлбэл ажлын байр ихээр бий болгодог аж үйлдвэрлэлийг аваад үзье. Дэлхийн банкны ахлах зөвлөх асан Жастин Ифү Лингийн онцолсноор дараагийн 15 жилд Хятадаас 83 сая ажлын байр гадагш гарна. Анх Дэнг Сиопин 1980-д оны эхнээс нээлттэй хаалганы бодлого явуулснаас хойш 2000 оны дунд хүртэл Хятадын экспортын бараанд өндөр технологи шаарддаггүй бараа болох бэлэн хувцас, хүүхдийн тоглоом дийлэнх хувийг эзэлдэг байсан.
Харин өнөөдөр илүү өндөр технологи ашиглаж үйлдвэрлэдэг, технологийн бүтээгдэхүүн болох ухаалаг гар утас, нарны зай зэрэг эзэлж байна. Энэ хэрээр хятад ажилчдын ур чадвар өсөн, орлого нэмэгдэж байгаа болохоор цалин өсч байна. Тиймээс нөгөө хямд ажиллах хүчин ашигладаг бэлэн хувцас үйлдвэрлэгчид Филиппин, Вьетнам, Мексик рүү шилжээд эхэлсэн. Бүтээмж багатай, өндөр технологи шаарддаггүй ажлын байр болох оёдолчин, эсгүүрчин, үйлдвэрийн механикч гэх мэт 83 сая ажлын байр ирэх 15 жилд бусад улс руу шилжинэ гэж Дэлхийн Банк таамагласан. Бидэнд эндээс 150 мянган ажлын байр бий болгох үйлдвэр оруулж ирэхэд л манайд ажилгүйдэл алга болно.
Хэдийгээр эдгээр ажлын байр Хятадаас гарлаа ч гэсэн дэлхийн хэрэглээ хэвээрээ үлдэнэ. Тэнд манай Нарантуулын худалдаачдын очиж авдаг хувцасны үйлдвэр хаагдлаа гээд бид хувцас өмсөхөө больчихгүй. Хятадууд ч гэсэн өмсөнө. Нэг жишээ хэлэхэд хятадууд Этиоп улсын Аддис Абабад гутлын үйлдвэр барьсан байна.
Энэ үйлдвэрт 600 гаруй Этиоп ажиллаж байгаа. Тэд цалин авч байна. Өмнө нь Хятадад ажиллаж байсан олон үйлдвэр үүн шиг Африк, Энэтхэг, Вьетнам рүү шилжиж байна, шилжих ч болно. Хятадад нэг үйлдвэр хаагдахад түүний зах зээлийг эзлэхийн тулд хаа нэгтээ нэг үйлдвэр босно.
Яг энийг л бид ашиглах хэрэгтэй. Судалж байгаад Монголын хувьд харьцангуй давуу тал агуулсан үйлдвэрүүдийг энд байгуулчих хэрэгтэй. Этиоп улсын хувьд тэндэхийн ажилчид Этиопчууд, харин үйлдвэрийн эзэн нь Хятад. Бид үйлдвэр байгууллаа гэхэд Монгол эзэнтэй байх уу, эсвэл гадаад эзэнтэй байх уу гэдэг цэвэр манай залуусын овсгоо самбаанаас хамаарна. Эзэн нь хэн байлаа ч гэсэн ажилгүй байгаа залуучууд маань ажилтай болно.
Ар гэрээ авч явах боломж улам нэмэгдэх давуу талтай. Тиймээс Хятадад гарч буй үйлдвэрийн шилжилт хөдөлгөөний үеэр овсгоотой хөдөлж, дотооддоо олон ажлын байр бий болгох үйлдвэрүүдийг босгож чадвал бид Хятадаас бараа авдаг байсан бол эргээд тийшээ экспортолдог болно. Хэрэв ашиглаж чадахгүй бол хэн нэгэн ашиглана. Тэгэхээр энэ орон зайг хэн ч нөхөж болохоор харагдаж байгаа биз?
-Ажлын байр шилжиж байгаагийн өөр шалтгаан юу юм бэ?
-2014 онд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4000 ам.доллар байхад Хятадад 7300 ам.доллар байв. Тэд биднээс баян байнаа гэсэн үг. Мөн Хятадад дундаж цалин манайхаас өндөр байна. Тэдний авч байгаа цалин манайхаас энэ хэмжээгээр илүү учир дотоодын үйлдвэрүүдийг илүү хямд хөлсөөр ажиллах хүмүүстэй газар руу зөөвөл илүү ашигтай.
Бас нэг шалтгаан нь Хятадад нийт хүн амд эзлэх 18-65 насны, ажиллах хүчний хувь 2012 онд дээд цэгтээ хүрээд, эргээд буурч байгаатай холбоотой. Цаашид тогтмол бууна.
98 САЯ ХЯТАД ЖУУЛЧИН ХИЛИЙН ДЭЭС АЛХAЖ, 128 ОРЧИМ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ҮРСЭН
-Хятадуудын цалин нэмэгдэж байгаа болохоор манайд үйлдвэр байгуулах нь ашигтай гэсэн үг үү?
-Хоёр талтай. Нэгдүгээрт, тэнд хөдөлмөрийн хөлс нэмэгдэж байгаа учир илүү хямд зардалтай улс руу шилжиж байна. Хоёрдугаарт, тус улсын дундаж давхарга хурдацтай тэлж байна. Бид өөрсдийн давуу талыг ашиглаж үйлдвэр байгуулаад тэнд борлуулах хэрэгтэй. Сүүлийн 30 жилд Хятадын 300 сая өрх ядуурлаас гарч, дундаж давхарга руу шилжлээ.
Дундаж давхарга гэдэг бол аливаа нийгэмд хамгийн их худалдан авалт хийдэг, тухайн нийгмийг авч явдаг анги шүү дээ. МакКензигээс гаргасан судалгааг уншиж байхад 2009 оны байдлаар дэлхийн дундаж давхаргыг бүрдүүлдэг иргэдийн 54 хувь нь Хойд Америк, Европт амьдарч байсан бол 2030 он гэхэд энэ хувь 21 болж буурахаар байна. Үлдсэн нь буюу 66 хувь нь Азид байна.
Тэдний дийлэнхийг Хятадууд бүрдүүлнэ. Энэ нь бидний хувьд боломж. Бид худалдан авах чадвар өндөртэй дундаж давхаргынханд хувцас, тоглоом, цаашлаад боломжтой бол илүү тансаг зэрэглэлийн, хүнсний чанартай бүтээгдэхүүн гээд аль болох ашиг өндөртэй бүтээгдэхүүн нийлүүлэх учиртай. 2030 он гэхэд нүүрс, зэс хоёроо л зараад байвал үнэхээр арчаагүйн шинж. Хятадад юуг үйлдвэрлэхээ больж байгааг анзаарахын сацуу манай өөрийн онцлогтой бүтээгдэхүүнүүдээ гаргах хэрэгтэй.
-Жишээ нь?
Аялал жуулчлалд зарцуулсан хөрөнгийн хэмжээ (тэрбум ам.доллараар)-Бараа бүтээгдэхүүнээс гадна үйлчилгээ ч байж болно.
2012 онд 83 сая Хятад иргэн гадагшаа аялжээ.
Тэдний 60 хувь нь анх удаа нутгаасаа гарсан байна. Энэ нь бид аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой гэсэн үг.
Саяхан би 2014 оны тоог хартал 98 сая хятад жуулчин хилийн дээс алхжээ. Тэд нийт 128 орчим тэрбум ам.доллар үрсэн. Үүний нэг хувьд л бид сайхан байгаль үзүүлээд буцаахад Оюу Толгойн гаргасан зэстэй тэнцэнэ. Олон боломж байгаа, гэхдээ эрсдэлийг давхар харж хөдлөх хэрэгтэй.
-2030 он гэхэд манай зэс, нүүрсний экспорт ямар байх бол?
-Өнөөдөр манай зэс, төмөр, нүүрс яагаад ийм их хэмжээгээр урагшаа гарч байна гэхээр тэнд маш их хэмжээний барилгажилт явагдаж байна. Коксжсон нүүрсийг гангийн үйлдвэрүүдэд ашиглаж байна. Төмрийг тэнд боловсруулж байна. Зэсийг ч мөн адил. Эндээс гарсан бүтээгдэхүүний дийлэнхийг барилгад болон бусад аж үйлдвэрт ашигладаг.
Үнэнийг хэлэхэд манай эдийн засаг хятадын эдийн засгаас хараат гэж ярьдаг боловч хойд мужийн хэдхэн үйлдвэрээс хамааралтай. Бүр цаашлаад хэдхэн том үйлдвэрээс хамааралтай. Түүнээс Шанхай, Бээжингээс хамаарсан юм байхгүй. ЕвроМонитор байгууллагын гаргасан судалгаанаас харахад Хятадын барилгажилт 2024 онд дээд цэгтээ хүрээд буцаад бууна. Тэр үед нүүрсний үнэ хэд болох уу, зэсийн үнэ хэд болох бол. Үүнд бид бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу>>>
Б.Дөлгөөн: Манай эдийн засаг Хятадаас хараат гэдэг ч хойд мужийн хэдхэн үйлдвэрээс хамааралтай | ||
Үзсэн: 2029 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.