ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Мюнхен хотоос холгүй орших 1933 онд байгуулагдсан Нацийн Германы Дахау бөөнөөр хорих газарт зочиллоо. Тэрээр Германы түүхэнд Дахауд зочилсон анхны канцлер болон тэмдэглэгдсэн байна. Түүний энэ үйлдлийг сонгуулийн сурталчилгаатай холбон тайлбарлаж байна. Харин сөрөг хүчнийхэн Меркелийн энэ хөтөлбөрийг ичгүүргүй, зохисгүй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Германы канцлер Ангела Меркель Мюнхений баруун хойд бүсэд орших Дахауд нэг цаг саатаж, цэцэг өргөсний дээр өөрийн сэтгэгдэлээ цөөн үгээр илэрхийлсэн байна. “Энд хоригдогсдын үйлийн үр, зовлон зүдгүүр, дурсамж надад ичгүүр, гүн гуниг төрүүллээ” гэж дэлхийн 2-р дайны дараа төрсөн, өдгөө 59 настай хатагтай Меркель өгүүлжээ. Нацийн Германы “Ажил хөдөлмөр чамайг чөлөөлнө” гэх уриа өдийг хүртэл хадаастай орших Дахауд зочилсноор өнгөрсөн цагийн түүхийг өнөө цагт, ирээдүйд хүргэх гүүр болох учиртай гэж Меркель үзэж байгаа юм. Ирэх сард болох Германы сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан ийм үйлдэл хийлээ хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжлэлтэй хандлаа. Сөрөг хүчнийхэн “Жигшим зэвүүцэм ийм газрын дурсгалыг хүндэтгэхийг үнэхээр чухалчилж байгаа бол сонгуулийн кампанит ажлын үеэр аль нэг газарт айлчлал хийхгүй байх нь дээр” хэмээжээ. Германы Холокостын түүхч Вольфганг Бенз энэ айлчлалыг хүлээн авч болох ч тохиромжгүй цаг хугацаанд болсон хэмээн дүгнэж байна. Бөөнөөр хорих лагерийг Адольф Гитлер төрийн эрхэнд гарснаасаа хойш ганцхан долоо хоногийн дараа 1933 оны 3-р сард улс төрийн хоригдлуудыг хорихоор байгуулсан аж. Нацийн Германы анхны хорих болж байсан түүхтэй энэ газар улс төрийн сөрөг үзэлтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон Еврей зэрэг 200 мянган хүн хоригдож байсан юм. 1945 оны 4-р сард АНУ-ын армийн хүчин хорихыг чөлөөлөхөөс өмнө халдварт өвчин, өлсгөлөн, дарамтын улмаас 41 мянган хүний амь үрэгджээ. Амь үрэгдсэн тэдгээр иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхээр жил бүр 800 мянган тус лагерьт очдог байна. Канцлер Ангела Меркелиэс өмнө 2010 оны 4-р сард Нацийн германы бөөнөөр хорих Бухенвальдагийн лагерьт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама очиж байсан удаатай юм.
| Ангела Меркель "Дахау" бөөнөөр хорих лагерьт зочиллоо | ||
| Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.