Шууд Chart

Д.Цогтбаатар: Урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй хүмүүс олон байдаг

2015-04-02 19:32:46

Өнөөдөр Төрийн ордонд болсон “Эдийн засгийн чуулган” салбар хуралдаануудаар үргэлжилсэн билээ. Эдний нэг нь “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт” сэдвээр болсон юм. Тус хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн Ц.Энхбаяр, Монголын Барилга Үйлдвэрлэгчдийн Ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн В.Лувсанчүлтэм нар болон "Монголиан Пропертийз" ХХК-ийн захирал Лий Качел оролцож Монгол Улс дахь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хэрхэн өргөжүүлж хөгжүүлэх боломжтой талаар санал солилцлоо. 

Хуралдаанд оролцсон мэргэжилтнүүд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн  тулд төр, бизнесийн итгэлцлийг бий болгох ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Мөн манай улсад дэлхийн жишгээр үл хөдлөх хөрөнгөөс татвар авах ёстой хэдий ч одоогийн эдийн засгийн хүндрэлтэй энэ үед сайтар бодолцож байж татварын асуудлыг ярих хэрэгтэй гэдгийг салбарын сайд хэлж байлаа. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд урт хугацааны хөрөнгө оруулалт их чухал гэдэгт оролцогчид санал нэгдсэн юм.
 
 
Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас дараах тодруулгыг авлаа.
 
- Ипотекийн зээлийн 30 хувийг урьдчилан төлж байсан бол та 10 хувь болгон бууруулна гэсэн. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
-Энэ бол олон нийтийн эрх ашгийн төлөө хийж байгаа ажил. Салбарынхаа эрх ашгийн төлөө ч явж байгаа алхам юм. Гэхдээ энэ нь төр баталгаа гаргаж өгч байгаа хэрэг. Банкны гол шаардлага нь 30 хувиа төлөх нөхцөлийг тавьдаг. Гэтэл хүмүүс чадахгүй байгаад байна. Гол нь ажилтай, орлоготой байх ёстой. Тэтгэврийн санг өргөжүүлж орон сууцны төсөл хөтөлбөрүүдтэй холбож өгнө. Энэ бол маш том боломж юм. Олон жилийн дараа барилга байж л байна. Нэг үгээр бол таны мөнгө хэрэгтэй зүйлд зарцуулагдаж байна гэсэн үг.
 
-Насны ангилал бий юу? 
-Бид ямар ч насны ангилал тавихгүй байгаа. Хэн нь ч байсан авч болно. Ямар ч байсан 10 хувиа төлсөн байх ёстой. Зах зээлтэйгээ хамгийн ойрхон арга хэрэглээ байгаа нь л энэ юм. Эдийн засгийн хөгжил гэдэг нь зүй тогтлоороо л явах ёстой. Бид үүнийгээ журам болгоод гаргахад байрны үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарна. Хувь хүн байрныхаа үнийг өсгөлөө гэхэд тэр зээлэнд хамрагдаж чадахгүй. Түрээс, худалдан авах хоёр шал ондоо зүйл. Одоо банктай ярьж байгаад илүү нарийн болгож боловсруулна.
 
-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Ажлаад эхэлчихсэн байгаа. Сая бол зөвхөн эхлэл байсан одоо жинхэнэ ажил хэрэг болно.

Д.Цогтбаатар: Урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй хүмүүс олон байдаг   
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй