
Өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн "Coal Mongolia 2015" чуулга уулзалтад оролцогсдод Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг илгээлт ирүүлжээ. Тус илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia 2015” Олон улсын чуулга уулзалтад тав дахь удагаа уригдан оролцож байгаа гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, зохион байгуулагчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол оронд минь шинэ амьдрал, шинэ хөгжил дэвшил, эдийн засгийн арвин үр өгөөжийг авч ирэх болтугай хэмээн ерөөе.
Монгол Улс уул уурхайн салбар үүсч хөгжөөд 93 жилийнхээ босгыг давлаа. Энэ хугацаанд уул уурхайн салбар олон бэрхшээл саадыг давж, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. 2014 онд Улсын төсөвт уул уурхайн салбар 21.7 хувь, эскпортын нийт бүтээгдэхүүний 83 хувийг эзэлж байгаа статистик үзүүлэлттэй байна.
Нүүрсний салбар нь Монгол орны уул уурхайн үйлдвэрийн анхдагч гэдгээрээ ялгардаг бөгөөд манай нүүрсний нөөц 173.5 тэрбум тонн орчим байгаа. Энэ нь Монгол Улс нүүрсний салбарын олон улсын зах зээлд томоохон тоглогч болох боломжтойг харуулж байгаа юм.
Хэдийгээр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уналттай байгаа ч өнгөрсөн онд манай улс 19.5 сая тонн нүүрс экспортод гаргаж улсын төсөвт 272 тэрбум төгрөгийн татварын орлого оруулсан юм. Энэ нь чамлашгүй амжилт бөгөөд манай нүүрсний салбарт ажиллаж байгаа уурхайчид, аж ахуй нэгжүүдийн хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон хэлэхэд таатай байна.
Монгол Улс нүүрсний чамгүй баялаг нөөцтэй орны хувьд тус салбар дахь хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын гол цөмд байдгийг Та бүхэн мэднэ.
Шивээ овоо, Багануур, Чандгана, Төгрөг нуур, Адуунчулуун, Тэвшийн говь зэрэг эрчим хүчний нүүрсний арвин нөөцтэй ордуудад шинээр цахилгаан станц барьж байгуулах боломжтой бөгөөд энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар эрчимтэй ажиллаж байна.
Монгол Улсын Таван толгой, Нарийн сухайт, Хөшөөтийн нүүрсний сав газрын бүлэг ордууд нь хайгуул судалгааны түвшинд сайтар судлагдаж, сайн чанарын коксжих болон чулуун нүүрсний экспортын гол үйлдвэр, уурхай болон хөгжиж байна.
Таван толгойн ордыг хөгжүүлэх хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах гэрээг Засгийн газраар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд Монгол Улсын Их Хурлаар хөрөнгө оруулалтын гэрээгээ хэлэлцүүлнэ. Ийнхүү олон жил гацсан Таван толгойн төсөл хөдлөх болно.
Байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологид суурилсан, өрсөлдөх чадвар өндөртэй, Азийн бүс нутагт төдийгүй дэлхийн нүүрсний зах зээлд өөрийн байр сууриа эзлэх стратегийг бид нүүрсний үйлдвэрлэлийн салбарт хөгжлийн чиглэлээ болгож байна.
Өнөөдөр нүүрсний үйлдвэрлэлийн салбар Монголд төдийгүй дэлхий дахинд хүнд шалгалт, сорилттой тулгарч байгаа хамгийн эргэлтийн шинжтэй мөчлөгийн үед бид амьдарч байна. Энэ нь бидэнд таамаглаж байгаагүй шинэ сорилтуудыг даван туулахад дэлхий дахины туршлагаас суралцах, алдаа багатайгаар асуудлыг шийдэх боломж олгож байгаа нь хөрөнгө мөнгө хэмнэх, цаг хугацаа хожих илүү боломжийг бас олгож байна.
Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, хөрөнгө оруулалтын орчныг хөрөнгө оруулагч нарт сурталчилан таниулах, тус салбарт илүү их хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү олон улсын чуулга уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Coal Mongolia-2015" чуулга уулзалтад оролцогсдод илгээлт ирүүлжээ | ||
Үзсэн: 2754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.