Шууд Chart

Леонель Месси: Реал Мадридын эсрэг хийсэн хэт-трик санаанаас гардаггүй

2015-04-15 14:51:17

Леонель Месси өнгөрсөн оны 11 дүгээр сард Испанийн Ла лигийн түүхэн дэх хамгийн шилдэг гоолдогч болсон бол энэ оны гуравдугаар сарын эхээр 32 дахь "хэт-трик"-ээ хийж "Барселона"-гийн түүхэн дэх бас нэгэн рекордын эзэн болсон юм. Энэ бүх амжилтын дараа тэр "Барселона" клубын албан ёсны сэтгүүлд  ярилцлага өгснийг толилуулж байна.

-Та талбай дээр ч, гадна ч жаргалтай харагдаж байна. Энэ нь таны тоглолттой хамааралтай юу?

-Тийм ээ, би жаргалтай байна. Гэхдээ үнэн гэвэл өнгөрсөн улиралд надад тохиолдсон зүйлээс хойш би энэ улирлыг өөрөөр эхлүүлэхийг хичээсэн. Би талбайн гадна надад тохиолдсон хэцүү зүйлүүд болон гэмтэл, формтой холбоотой хүндхэн жилийг өнгөрөөлөө. Гэвч энэ улирлыг би өөрөөр эхлүүлсэн. Одоо баяртай байна.

-Та өнгөрсөн жилээс ямар нэг сургамж авсан уу?

-Мэдээж, ер нь бүх зүйлээс суралцаж байх хэрэгтэй. Жил бүр л өсч, сурч, сайжирч байх ёстой. Би талбай дээр хэцүүхэн байсан жилээс ч сайн зүйлийг нь сурахыг хичээдэг.

-Та ямар гоол оруулах дуртай вэ. Торгуулийн талбайн гаднаас, чөлөөт цохилтоос эсвэл хамгаалагчдыг хуураад цохих зэргийн алинд нь илүү дуртай вэ?

-Үнэндээ би аль нэгийг нь илүүд үздэггүй. Өөрийн чадлаар оруулсан гоол болгондоо би дуртай. Яаж орсон, хэр холоос орсон гэдэгт би ач холбогдол өгдөггүй.

-Та хэт-трик хийснийхээ дараа бөмбөг дээрээ багийнхаа гишүүдээр гарын үсэг зуруулж авдаг. Энэ таны хувьд онцгой хобби юу?

-Тийм. Хэрэв багийнхан маань байхгүй байсан бол би өнөөдрийн амжилтанд хүрч, хэт-трик хийж чадахгүй байсан. Тэд бүгдээрээ гарын үсгээ зурсан учраас үнэхээр сайхан сувинер болдог. Би тэдгээрийг гэртээ бусад цом, шагналуудын хамт хадгалж байгаа. Гэвч удахгүй илүү сайхан газар хадгалах талаар бодож байна.

-Та өөрийн гоолдсон бүх хэт-трикийг санаж байна уу?

-Яг одоо гэвэл үгүй ээ. Би гоолуудаа эргэж харах хэрэгтэй байх. Эсвэл хэн нэгэн хүн надад ярьж өгвөл би санаж магадгүй юм. “Кэмп Ноуд Реал Мадридын эсрэг тоглож 3:3-аар тэнцдэг тоглолт надад маш онцгой санагддаг. Яагаад гэвэл миний анхны хэт-трик байснаас гадна бид лигийг цаашид үргэлжлүүлэх боломжтой болсон. Гэвч бид лигт түрүүлж чадаагүй. Реал Мадридын эсрэг хэт-трик хийсэн гэдэг утгаараа ч онцгой байдаг.

-Та ямар мөчид бөмбөгөө цохидог вэ. Зөн совингоороо л цохидог уу?

-Тийм. Яагаад гэвэл тоглолт дунд бүх зүйл хурдан болж өнгөрдөг учраас баруунаараа эсвэл зүүнээрээ цохих уу гэх зэргээр бодох цаг байдаггүй. Нөхцөл байдал бүрт хамгийн хурдан шийдлийг гаргах хэрэгтэй болдог.

-Гоол эсвэл хэт-трик хийсний чинь дараа баяр хүргэсэн өрсөлдөгчдийн хэн нь илүү санаанд чинь тод үлдсэн бэ?

-2007 онд Реал Мадридтай тоглосны дараа Раул надад ирж баяр хүргэсэн. Тэр үед миний хувьд Раул бол домог байсан учраас надад маш тод санагддаг.

-Та 13 настай "Барселона"-д ирж байсан. Одоо дэлхийн шилдэг тоглогч болсон байна. Өнгөрсөн цаг хугацааг эргэн харвал?

-Спортын хувьд бүх зүйл маш хурдан болж өнгөрдөг учраас өнгөрснөө тэр бүр эргэж харах цаг олддоггүй. Харин талбайн гадна гэртээ очоод эхнэр хүүхэдтэйгээ өнгөрснөө хааяа дурсаж, цаг хугацаа хэрхэн урсан өнгөрч байгааг ярилцдаг. Талбай дээр өнгөрснөө дурсах хэцүү. Харин би өөрийн карьерийн төгсгөл хүртлээ юунд хүрч чадахаа үргэлж боддог.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Леонель Месси: Реал Мадридын эсрэг хийсэн хэт-трик санаанаас гардаггүй  
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй