
Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцөлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж ирсний үр дүнд манай улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөлийг 2011 онд тохиролцсон билээ.
Энэ хүрээнд мах экспортлох хүсэлт гаргасны дагуу 2014 оны зургаадугаар сард БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн юм.
Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засч залруулан, манай талаас 2015 оны гуравдугаар сард Хятадын талд аж ахуйн нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн юм.
Үүний дагуу Хятадын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олголоо.
Үүнд:
1.Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-д,
2.Дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдэд үхэр, хонины мах нийлүүлэх нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд”гэсэн 4 компанид,
3.Адууны махан хөлдөөсөн бууз, банш экспортлох, адууны мах боловсруулах зөвшөөрлийг “Хаан хүнс” ХХК-д,
4.Адууны хөлдүү гулууз мах экспортлох зөвшөөрлийг “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд” ХХК-д тус тус олгосон байна.
Дашрамд дурдахад, БНХАУ-ын махны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ нь 2010 онд 3.01 кг байсан бол 2015 онд 3.23 кг болж өссөн байна. Хятадын хонины махны импорт 2011 онд 82.7 мян.тн, 2012 онд 123.7 мян.тн байсан бол 2013 онд 254.0 мян.тн болж өссөн үзүүлэлтийг харахад махны хэрэглээ нь жил бүр өсөх хандлагатай байна.
Монгол Улс БНХАУ руу мах экспортлох боллоо | ||
Үзсэн: 1760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.