Цөмийн байгууламжийн ослын дараагаар цацраг идэвхийн аюултай тэмцэж эхэлсэн Япон улсын гадаад хэргийн сайд туршлага судлах хүрээнд Украйн улсад зочилж байна. Украйн улсын хувьд 1986 оны 4-р сард Чернобылийн цөмийн цахилгаан станцын 4-р реактор дэлбэрч дэлхийн хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан осол болсон түүхтэй юм. Энэ ослын дараагаар ажилчид төмөр болон бетонон хана босгож, цацраг идэвхт материал агаарт цацагдахаас хамгаалах болсон. Өнгөрсөн жилийн 4-р сард Украйн улсын засгийн газар хуучирч муудсан хамгаалалтын бүрхээрийг шинэчлэх, шинэ бүтээн байгуулалтын ажиллагааг эхлүүлсэн. 105 метрийн өндөртэй, 250 метрийн өргөнтэй нуман адрыг чулуун бүрхээрээс 300 метрийн өндөрт байхаар тооцжээ. Энэ бүтээн байгуулалтыг тэрбум гаруй ам долларын өртөгтэй байхаар төсөвлөөд байгаа аж. Энэ ажиллагаанд Украйны засгийн газар Япон, АНУ болон бусад улс орнуудаас тусламж дэмжлэг авч байгаа юм. Энэ цөмийн реакторыг задлах төсөлд 50 гаруй жил үргэлжлэх инженерийн төлөвлөгөөг гаргажээ. Осол гарснаас хойш 27 жил өнгөрч байгаа боловч байгууламжийн ойролцоо цацраг идэвхийн түвшин өндөрт тооцогдсон хэвээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор уг байгууламжаас 30 километр орчимд нэвтрэхийг хориглосон бүс тогтоож, цацраг идэвхээр бохирлогдсон бүсээс 160 мянга гаруй иргэдийг албадан нүүлгэн шилжүүлэлтэнд хамруулжээ. Тэдгээр иргэд засгийн газраас үзүүлж байгаа тэтгэмжээр амьжиргаагаа залгуулдаг байна. Ослын дараагаар цацраг идэвхт хордсон 30 гаруй гал сөнөөгч, цөмийн байгууламжийн ажилтнууд таалал төгссөнөөс гадна, НҮБ-аас хийсэн судлагаагаар олон тооны бага насны хүүхэд бамбай булчирхайн хорт хавдарын өвчлөлд өртсөн гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа юм. Тус улсын засгийн газар цацраг идэвхийн хордлогод өртсөн байх магадлалтай 2 сая иргэдэд дэмжлэг үзүүлэх хүрээнд үнэ төлбөргүй эмнэлгийн шинжилгээнд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.
| Япончууд Украйны туршлагыг судалж байна | ||
| Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.