Шууд Chart

Б.Батболд: Бид та бүхний чихэн дотор амьдралыг өрнүүлж байна

2015-04-28 10:45:07

МҮОНР-ийн гуравдугаар суваг Р3 радио энэ жил долоон нас хүрч байна. Р3 радиогийн залуус долоон насны төрсөн өдрөө сонсогч болон уран бүтээлчидтэйгээ хамтран тэмдэглэхээр болжээ. Энэ талаар Р3 радиогийн хөтлөгч Б.Батболдтой уулзаж, тодрууллаа.

-Юуны өмнө Р3 радиогийн хамт олонд долоон жлийн ойн баярын мэнд хүргэе. Ойн баяраа тэмдэглэх гээд завгүй байх шиг байна?
-Манай Р3 радио 2008 оны тавдугаар сарын нэгний өдөр анхныхаа эфирийг цацаж байлаа. Түүнээс хойш долоон жил болж, бид энэ тавдугаар сарын нэгэнд долоон жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Бид жил бүр ойгоороо сонсогч болон уран бүтээлчидтэйгээ уулзаж баяраа тэмдэглэдэг. Зөвхөн ой ч гэлтгүй улсын их баяр наадам, шинэ жил гээд баяруудаа хамтдаа тэмдэглэдэг. Энэ үйл ажиллагаануудаа үргэлжлүүлж долоон жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна.

-Улаанбаатар хотод байдаг ФМ, радиог сонсогчдын тоо зэргээр нь үнэлж жагсаадаг болов уу?
-Улаанбаатар хотод 20 гаруй ФМ, радио байдаг. Хэвлэлийн хүрээлэнгээс эдгээр ФМ радиог сонсогчдын тоо зэргийг нь харгалзаж байгаад рейтингээр нь жагсаадаг. Р3 радио эхний таван байрт явдаг.

-Миний ажигласнаар Р3 радио их системтэйгээр олон нэвтрүүлэг явуулдаг юм шиг анзаарагддаг. Жишээ нь, ажил хайж байгаа залуучуудад зориулсан олон төрлийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан нэвтрүүлэг явдаг?
-Манай ФМ Үндэсний олон нийтийн радиогийн гуравдугаар суваг учраас манайд ажиллаж байгаа уран бүтээлчид дандаа мэргэжлийн уран бүтээлчид байдаг. Нөгөө талаас манайх олон нийтийн статустай болохоор сонсогчдодоо олон төрлийн хэрэгтэй мэдээлэл, нэвтрүүлэг хүргэхийг хичээж ажилладаг. Тэр утгаараа сонсогчдын хүрээлэл нь массыг нэлээн хамарч чаддаг радио гэж хэлж болно.

-Сонсогчидтойгоо уулзах уулзалтыг их ойр ойрхон зохиодог байх?
-Тийм ээ. Бид нар шинэ жил, бэсрэг наадам гээд баярын уулзалтуудаас гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлаж сонсогчидтойгоо нийлж олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Хүмүүст туслахаас эхлээд зохион байгуулдаг олон үйл ажиллагаанд маань зөвхөн Р3 радиогийн уран бүтээлчид гэхээс илүү сонсогчид маань идэвхийлж оролцдог.

-Р3 радиотой хамгийн удаан хамт байгаа сонсогч хэр олон байдаг вэ?
-Долоон жил хамт байгаа сонсогч их олон. Сонсогчидтойгоо ойр ойрхон уулзаж олон үйл ажиллагаа зохиодог болохоор заримтай нь бүр сайхан найзууд болсон. Заримтай нь ажил хэргийн холбоотой. Бидний үйл ажиллагааны дотроос хосоо олоод гэр бүл болж гарсан хүмүүс ч байдаг. Бидний гол зорилго бол сонсогчиддоо хэрэгтэй мэдээ, мэдээллийг хүргэх. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд бид нэг, нэг шатаар ахиж хөгжсөөр байгаа. Энэ хөгжлийн явцад бүх зүйл илүү өргөжин тэлж байна. Сонсогчдын хүрээ, бидний хийж байгаа олон зүйлүүд бүгд илүү чанаржиж байгаа.

-Иргэд мэдээллийг радиогоор сонсохын давуу тал нь юу байдаг юм бол?
-Ер нь радиогийн гол давуу тал бол хаана ч сонсоод бүх төрлийн мэдээллээ авч болдог. Машиндаа, гэртээ, хоолоо хийж байхдаа гээд хаана ч сонсож болно. Манай Р3 радиогийн уриа бол “Чихэн доторх амьдрал Р3 ФМ 100.9”. Бид та бүхний чихэн дотор амьдралыг өрнүүлж байна.

-Цаашдаа Р3 радиогийн зорилго юу байх бол?
-Илүү чанартай мэдээ мэдээллийг сонсогчиддоо хүргэнэ. Мөн олон сонсогчтой тэргүүлэгч ФМ байх нь бидний зорилго. Ийм байхын тулд бид хичээн ажиллаж байна даа.

-Долоон жилийн ойн тоглолтын талаар товч мэдээлэл өгөөч. Танай сонсогч биш ч гэсэн бас очих хүсэлтэй хүмүүс байгаа байх?
-Манай сонсогчид найз нөхдөө дагуулаад ирдэг юм. Долоон жилийн ойн тоглолт дээр ч гэсэн найз нөхдөө дагуулаад ирж болно. Ирж тоглолтыг маань үзээд бидэнтэй сайхан танилцаж болно.  Ойн баяраараа бид Р3 радио өнгөрсөн долоон жилийн хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсан, юу хийсэн гэдгээ тайлан маягаар хүргэнэ. Дээрээс нь бидний долоон насны төрсөн өдрийн тоглолтод Rec-on, Tigerfish, Tourist, Angel, S4, Fire, Загасан ширээт тамга, Sync хамтлагууд, мөн МУГЖ дуучин Б.Сарантуяа, дуучин П.Баярцэнгэл, С.Бичүү, А.Дөлгөөн, Ц.Болорцом, А-Cool зэрэг уран бүтээлчид оролцоно. Мөн үүнээс гадна шилдэг DJ өөрийн Set-үүдээс тоглох болно. Дашрамд дурдахад, долоон жилийн ойн баяраа бид 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны 19:00 цагт “Sort pub”-д тэмдэглэнэ.  

-Сүүлчийн асуултыг нээлттэй үлдээе. Сонсогчдодоо ойн баярын мэнд хүргэх байх? 

-“Залуусын радио” долоон нас хүрлээ. МҮОНР-ийн гуравдугаар суваг Р3 радио 2008 онд байгуулагдсан цагаасаа өдгөөг хүртэл сонсогч залуус, хамтлаг дуучидтай хамтран ойн баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил ч уламжлал ёсоор хамтарсан тоглолт зохиох гэж байна.

Бидэнтэй долоон жилийн турш хамт байсан сонсогч залуустаа баярлалаа. Бид цаашдаа ч  залуусын радио байж та бүхний дуу хоолой болох болно. Долоон насны төрсөн өдрийн баяр дээр уулзацгаая.

-Танд баярлалаа.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Батболд: Бид та бүхний чихэн дотор амьдралыг өрнүүлж байна  
Үзсэн: 8022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.61.97.xxx [202.61.97.xxx] 2015-06-05 14:12
Р3 гэж юу гэсэн үг вэ? сүүлийнх нь гурвын тоо эсвэл үсэг юм уу ер нь ямар утгатай болоод ингэж бичсэн юм бол доо? би лав шууд хараад юм уу сонсоод утгыг нь олж чадахгүй л юм байна
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-30 14:34
Та бүхэнд баярын мэндийг хүргээд амжилт хүсэе...
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-30 13:52
Сайхан хамт олон шүү

Бидэнтэй нэгдээрэй