
Сангийн сайд Ж.Эрдэнэбат Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дах хэсэгт “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.” гэж заасан. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татварын хуулиар бус Ашигт малтмалын тухай хуулиар ногдуулдаг нь Татварын ерөнхий хуульд заасан дээрх “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын дагуу зохицуулагдах шаардлагатай юм.Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухайн улирлын тайланг дараа сарын 20-ны өдөр тушаахаар, мөн хуулийн 47.10 дах хэсэгт тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд багтаан төлөхөөр заасан нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэнтэй нийцэхгүй байна хэмээн үзжээ.
Иймд холбогдох хуулиудын дээрх зөрүүтэй байдлаас болж татвар төлөгч болон татварын албаны хооронд хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл үүсэхээр байгаа аж. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт татварын харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн зөрүүтэй зохицуулалтыг Татварын ерөнхий хуульд заасан “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлага гарсан байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хугацааг хуулиар нарийвчлан тодорхойлох нь татварын албанаас бизнес эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээг илүү тодорхой болгох ач холбогдолтой юм байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хугацааг нарийвчлан тогтооно | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.