Шууд Chart

Л.Эрдэнэчимэг: Төмөр замыг өөрсдийн хүч хөрөнгөөр барьж байгуулаад 25 жилийн хугацаанд 1.2 тэрбум долларын цэвэр ашиг олох боломжтой

2015-05-13 14:03:55

Таван толгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж, тодруулга авлаа. Тус компанийн дэд захирал Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгсөн юм. Засгийн газрын 2013 оны 28-р тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон байна. Тус компани Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 225 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны 5 сард Солонгосын “Самсунг СТ” компанитай байгуулж, Чингис бондын 200 сая долларын санхүүжилтээр ажлаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын 52 хувийг гүйцэтгээд байна.
 
Санхүүгийн зөвлөх “BNP Paribas” компанийн боловсруулсан санхүүгийн загварт Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэх 1тн.км-ийн тарифыг 3.3 цент буюу 64 төгрөгөөр тооцож, төслийн хөрөнгө оруулалтыг 12 жилийн хугацаанд нөхөхөөр тооцжээ. Энэхүү төмөр замын суурь бүтэц нь ашиглалтанд орсон жилээсээ улсын төсөвт татвар төвлөрүүлэх ба татвар, зээл, зээлийн хүүгээс гадна 25 жилийн хугацаанд нийт 1.9 тэрбум ам.долларын ногдол ашиг өгөхөөр байна. Энэ нь жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэхээр хийсэн тооцоо бөгөөд тус замаар 50 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой юм.

Дээрх 225 км замыг дотоодын санхүүжилт буюу Чингис бондоор 40% буюу 400 сая, гадаадын банк санхүүгийн байгууллагын урт хугацааны зээлээр 60% буюу 600 сая, нийт 970 сая ам.долларын өртгөөр барихаар төлөвлөсөн байна. Дээрх 60% ийн санхүүжилтийг хийх боломжтой гэдгээ Корея ЭКСИМ, Корея хөгжлийн банk, Европын сэргээн босголтын банк, PNB Paribas банкууд илэрхийлсэн. Мөн япон улсын “Nippon Koei” компани ТТ-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлийн зураг төслийг боловсруулж хүлээлгэн өгчээ.

Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгийн хэлж байгаагаар “Монголын төмөр зам” төрийн мэдлийн компани төмөр замын асуудлаа бүрэн хариуцаад ажлаа эхлүүлсэн байтал дээрх санхүүжилтийг зогсоож, Тавантолгойн тендерт шалгарсан хөрөнгө оруулагч нарт Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замыг 30 жилээр өгөх болсон нь тодорхойгүй байна.
    
2014 оны 9-р сарын 1-нд зарлаж урилга илгээсэн тендерт 7 шалгуур үзүүлэлтийг оруулсны 6-д “Хөрөнгө оруулагчид эхний ээлжинд ТТ-ГС чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, ашиглалтанд оруулснаас хойш 30 жилийн дараа 51%ийг төрийн мэдэлд өгөх” гэж заасан байна. Яагаад заавал өөрсдийн хүч хөрөнгөөр барьж байгуулаад 25 жилийн хугацаанд 1.2 тэрбум долларын цэвэр ашиг олох боломжтой төмөр замыг тендерийн шалгуурт оруулах болсон тайлбарыг Засгийн газраас тодруулах ёстой гэж ажлын хэсгийн ахлагч үзэж байна.


Л.Эрдэнэчимэг: Төмөр замыг өөрсдийн хүч хөрөнгөөр барьж байгуулаад 25 жилийн хугацаанд 1.2 тэрбум долларын цэвэр ашиг олох боломжтой  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй