![](/uploads/201505/news/thumb/7231663c52dc2401aa68d192823d3450_x3.jpg)
Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагт Уул уурхайн яамнаас хийдэг “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр хийсэн зарим мэдээллийг хүргэж байна.
“Богд IV” ба “Онги V” талбайд “BG Group”-тэй хамтран ажиллахаар боллоо
Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд газрын тосны хайгуулын “Богд IV” ба “Онги V” талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал азиан петролеум корпорэйшн лимитэд” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн гэрээлэгчийн эрх, үүргийг “BG Mongolia holdings limited” компанид хэсэгчилэн шилжүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоол гарлаа.
Газрын тосны хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсаны дараа хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж BG, Chevron, Anadarko зэрэг дэлхийд томоохонд тооцогддог компаниудтай хамтран ажиллах яриа хэлэлцээг эхлүүлсний үр дүнд Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. 2015 онд 13.6 сая ам.доллар, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1.4 сая ам.долларыг Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2014, 2015 онуудад төлөх төлбөрт зарцуулна. Мөн бусад ажил, үүргүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт 4.55 сая ам.долларын санхүүжилт хийхээр тохирсон байна. Ингээд нийт хөрөнгө оруулалт 32,55 сая ам.доллар болох юм.
“BG Group” нь судлагдаагүй эрсдэл ихтэй газарт амжилттай хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай бөгөөд сүүлийн 15 жилд томоохон хэмжээний 15 ордыг нээн илрүүлээд байгаа юм. “BG Group” нь байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч, өнөөгийн үнэ цэнээр нийт 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 20 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх эрх бүхий ажлын хэсэг сүүлийн 3 сарын турш эрчимтэй, үр дүнтэй ажилласны үр дүнд энэ сарын 18-ны өдөр Дубай хотноо “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд монголын талаас Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Оюутолгой ХХК нөгөө талаас Туркойс Хилл Ресурсес Лимитед болон Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниуд гарын үсэг зурлаа. Ингэснээр төслийн санхүүжилт болон татварын талаархи санал зөрөлдөөнтэй байсан асуудлууд болон Хөрөнгө оруулалтын гэрээний зарим нэгэн тодорхой бус байсан зүйл заалт тодорхой, ойлгомжтой болж далд уурхайн бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжлэх нөхцөл бүрдэж, улмаар манай эдийн засаг дахь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах эерэг дохиог гадаад зах зээлд өглөө. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдаагүй байсан Оюутолгой төслийн нийт өгөөжийн 54 хувийг монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулж, Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаа болон санхүүд монголын тал хяналтыг тавьж ажиллах тогтолцоог бий болгож, менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 3 хувь болгож, 4.2 тэрбум ам. долларын төслийн зээлийг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулахаар талууд тохирсон байна.
Гадаад хамтын ажиллагааны талаар
Уул уурхайн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна
Энэ сард Уул уурхайн сайд Р.Жигжид Мьянмарын Холбоооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд ноён Вунна Маун Лвин-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд нар “Монгол, Мьянмар хоёр орон байгалийн нөөц баялаг ихтэй орнууд”-ын хувьд байгалийн баялгийг зөв зохистой ашиглах талаар хамтран ажиллах талаар санал солилцов. Монголын тал ил тод, хариуцлагатай уул уурхайн санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Мьянмарын тал Монголын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулсан талаарх туршлага судлах санал тавьлаа.
Мөн сайд Р.Жигжид Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд У Сунг-тай уулзаж, хоёр тал уул уурхайн нөхөн сэргээлт болон нүүрсний давхаргын метан хий ашиглах хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах хүрээнд сайд Р.Жигжид Бүгд Найрамдах Франц Улсын “Эир Ликид”, “Арева” болон Израил Улсын “Дрим-Диам”компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Газрын тосны салбарт 32.55 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.