Шууд Chart

Газрын тухай хуульд өөрчлөлт оруулахыг байнгын хороо дэмжлээ

2015-06-23 17:03:43

Засгийн газраас энэ сарын 28-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Үүний дагуу өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газар нийгэм, эдийн засгийн хөгжилд үр дүнтэй нөлөө үзүүлэх олон улсын чанартай дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр сууршлын бүс бий болгох хэрэгцээ шаардлагаас үүдэн зарим газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
 
Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах буюу солих тухай шийдвэрийг нэгдсэн журмаар гаргаж асуудлыг шуурхай шийдвэрлэж, нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагааг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх, боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
 
Энэ үндсэн дээр Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн Азийн хурдны зам /АН3/, Рашаант Мааньт чиглэлийн Богдхан төмөр зам, Богдхан уулыг тойрсон хурдны зам, Майдар эко хот байгуулах, Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл, Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах дагуул хот байгуулах, Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах холимог тээврийн ложистик төв байгуулах, Шинээр барих олон улсын нисэх буудлын дэргэд хойт Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болох эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тулгамдсан зарим асуудлыг Газрын тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлэхээр уг хуулийн төсөлд тусгажээ.
 
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдээс гаргасан саналуудтай холбогдуулан мэдээлэл, тайлбар авах үүднээс тус Байнгын хорооноос Засгийн газарт албан тоот хүргүүлсэн байна. Энэ талаар С.Баярцогт сайд байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийсэн юм.
 
Харин байнгын хорооны дарга С.Батболд гишүүдээс гаргасан саналыг нухацтай авч үзэж дахин нягтлах үүднээс байнгын хорооноос ажлын хэсэг томилж ажиллуулан гаргасан дүгнэлтийг нь үндэслэн дараагийн хуралдаанаар хэлэлцье гэсэн байр суурьтай байсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэв. Ингээд сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
 

Газрын тухай хуульд өөрчлөлт оруулахыг байнгын хороо дэмжлээ  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй