Шууд Chart

Шинэ оюутнууд тангараг өргөлөө

2013-09-02 15:54:40

 Монголын оюутны холбооноос санаачлан зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.  Тангарагын баярт салбарын сайд Л.Гантөмөр, МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан,  их дээд сургуулийн удирдлагууд,  97 их, дээд сургууль, коллежийн шинэ оюутнуудаас бүрдсэн 3000 төлөөлөл оролцлоо.

МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан “Бид Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг. Та бүхэн эх орныхоо маргаашийг гэрэл гэгээтэй байлгахын тулд өөрийгөө нийгэмд тустай хүн болгон хөгжүүл. Өнөөдөр оюутнуудыг маш олон талаар шүүмжилж байна. Эдгээр шүүмжлэлийг багасгахын тулд сайн сурлагатай, хөдөлмөрч, бүтээлч оюутан болох хэрэгтэй. Та нарын өмнө маш олон боломж нээлттэй байна” гэж хэллээ.
Үүний дараа 3000 гаруй шинэ оюутан мэдлэг боловсрол, авьяас чадвар, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй оюутан байж, эх орноо хөгжүүлэхээ гэр бүл, ард түмэндээ тангараглалаа. Мөн элсэлтийн шалгалтаар хамгийн өндөр буюу 800 оноо авч МУИС-ийн Олон улсын эдийн засаг харилцааны ангид элсэн орсон Н.Тэмүүлэн, Н.Баттөр нар хичээлийн жилийн хамгийн анхны хонхыг жингэнүүлсэн юм.
Энэ үеэр ШУ-ны сайд Л.Гантөмөр “Би та бүхний тангарагийн гэрч боллоо. Тангарагтаа үнэнч байхын ерөөлийг дэвшүүлье. Энэ жилээс эхлэн их, дээд сургуулиуд оюутан нэг бүрт чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал, ХААИС шинэ элсэгчиддээ зориулан энэ сараас ирэх 11 сарыг дуустал англи хэл, мэдээллийн технологи, амьдрах ухааны сургалтыг явуулж байна. Харин МУБИС-ийн Багшийн сургууль нэгдүгээр курсийн оюутнууддаа чиглэн англи хэлний сургалтыг өнгөрөгч сараас эхлэн зохион байгуулж байна. Та нар бол Монголын ирээдүй, боломж. Улс хөгжихийн тулд ирээдүй нь өндөр боловсролтой байх ёстой. Бид та нарыг дэмжиж, тусалж, хайрлаж байх болно” гэсэн юм.
Тангарагын баярын үеэр “Оюутны хөтөч-2013” номын эхний нүүрэнд дарсан кодоор гурван азтанг тодруулж сургалтын төлбөрийн батламж олгон, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвөөс шинээр оюутан болж буй дөрвөн хүүхдэд Төрийн сангийн буцалтгүй тусламжаар үнэгүй суралцах эрхийн бичиг гардуулж шинэ оюутнуудад давхар давхар баяр боллоо.  
Нийтэлсэн: Б.Баярт

Шинэ оюутнууд тангараг өргөлөө  
Үзсэн: 1595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй