Шууд Chart

Япон, Монголын бизнес уулзалт үргэлжилж байна

2015-06-30 14:12:52

Япон, Монголын төр хувийн хэвшлийн хамтарсан VII зөвлөлдөх уулзалт  Токио хотноо болж байна. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсаас 55 компанийн, 80 гаруй төлөөлөл оролцож, Японы үйлдвэрлэл эрхлэгчтэй ямар салбарт хамтарч ажиллах сонирхол байгаагаа илэрхийлэн урт хугацааны түншлэл байгуулахаар төлөвлөж байна. Харин Японы хувийн хэвшлийн 80 орчим бизнес эрхлэгчийн зүгээс Монгол Улстай эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

127 сая хүн амтай Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.8 их наяд ам долларт хүрсэн. Зөвхөн 2014 онд 697 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүнийг гадны улсуудад экспортложээ. Монгол Улс хөдөө аж ахуйн түүхий эдийн арвин нөөцтэй. Харин Япон улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж ирсэн туршлага, өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн тоног төхөөрөмж байна. Тиймээс аж үйлдвэрийн салбарт хамтарч ажилласнаар дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа юм. Япон улсын эдийн засаг, үйлдвэр худалдааны дэд сайд Ё.Такаги VII уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Япон, Монголын эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлэх олон төлөөллийн хамт аж үйлдвэрийн салбарыг хэрхэн хөгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн дэмжих асуудлаар хэлэлцэж байгаадаа баяртай байна. 2015 оны 3-р сард Япон улсын Ерөнхий сайд Шинзү Абэ Монгол Улсад айлчлахдаа эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Жетрогийн дэмжлэгтэй зохион байгуулж байгаа энэхүү уулзалт хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн том тус болно гэж харж байна” гэсэн юм.
 
Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ манай улс 2014 онд нийт 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 11 тэрбум ам долларт хүрсэн. Үүнээс 5.8 тэрбум ам долларын экспорт, 5.2 тэрбум долларын импорт хийсэн. Гэтэл гадаад худалдааны нийт эргэлтийн 3.6 хувийг, экспортын 0.4 хувийг Япон улстай хийсэн худалдаа эзлэж байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Тиймээс энэ бүхнийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг онцолсон юм.
 
Монгол Улс Япон улстай хүнд үйлдвэрийн салбарт газрын тос боловсруулах, нүүрс химийн, зэс боловсруулах, төмөрлөгийн, машин, тоног төхөөрөмжийн гээд олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн парк байгуулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байгааг хэлж байсан. Харин Японы талаас манай улсын хууль эрхзүйн болоод, Японы хөрөнгө оруулагчдад манай талаас ямар дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийллээ.
 
Монгол Улс аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхой болгосон. Эдийн засгийн түншлэлийн гэрээгээ олон жилийн найрсаг харилцаатай Япон улстай анх удаа байгуулсан. Энэ бол Монгол Улсын үйлдвэрлэгчид дотооддоо биш, олон улсын зах зээлд гарах том боломж. Хоёр орны хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид уулзаж, энэ асуудлыг хэлэлцсэнээр тухайн салбарт үнэхээр шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны асуудлаар олон үр дүн гарна гэж хүлээж байна. Япон, Монголын төр хувийн хэвшлийн хамтарсан VII зөвлөлдөх уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Монголын бизнес уулзалт үргэлжилж байна  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй