Шууд Chart

Грекийн сөрөг хүчин Засгийн газраа буруутгав

2015-06-30 14:19:09

Өнөөдөр Грек улс Олон улсын валютын санд өрөө төлөх эцсийн хугацаа нь. Гэвч Грекийн Засгийн газар олон улсын зээлдэгчидтэйгээ хэлэлцээний ширээнд сууж төвдөхгүй, зээл олгогч тал улс орныг нь Европын холбооноос гаргахгүй байхаар шийд өгнө гэсэн хүлээлттэй байна.

Харин Грекийн сөрөг хүчнийхэн Засгийн газраа Европын Холбооны эсрэг бүх нийтийн санал асуулга явуулах нь буруу гэж буруутгаж байгаа юм. Грекийн Шинэ Ардчиллын намын гишүүд Засгийн газар нь зээлдэгчдийнхээ хэлэлцээний ширээнд суух саналыг буцааж, ард түмэн нь үр дүнгүй санал асуулгад оролцох нь гэж шүүмжилжээ. Грекийн сөрөг хүчний зарим гишүүн ард түмний олонх нь Европын холбоонд үлдэх сонирхолтой байгаа, тиймээс амиа хорлохоор шийдвэр энэ санал асуулгаас гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
 
Энэ хооронд Грекийн нийслэлд мөнгөний автомат машинууд ачаалалтай байна. Засгийн газар нь томоохон банкуудаа долоо хоногийн хугацаатай хааж, бэлэн мөнгө гаргахад хязгаар тогтоосон байгаа юм. Мөнгөний автомат машинаас иргэд өдөрт дээд тал нь 60 евро авахаар хязгаарласан байна. Грекийн Ерөнхий сайд зээл олгогчдын тавьж байгаа хатуу нөхцөлийг хүлээж авах эсэхээ бие дааж шийдэлгүйгээр ард түмний саналаар шийдэх сонголт хийснээр Грекийн өр зээлийн хямрал дээд цэгтээ тулаад байна. Бүх нийтийн санал асуулга явуулах Грекийн шийдвэрийг Еврогийн бүсийн орнууд ихээхэн дургүйцэж хүлээж авсан. Тиймээс ч Грекийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгахгүй гэдгээ мэдэгдэж, Европын төв банк Грекийн банкуудыг дэмждэг хөрвөх зээлийг нэмэгдүүлэхгүй байхаар тогтоод байна.
 
Мөн Грекд аялаж зугаалж яваа жуулчид банкууд хаасан учир бэлэн мөнгө авч чадахгүй нь гэж болгоомжилж байна. Зарим жуулчин Грекийг Еврогийн бүсээс гарахгүй байх гэдэгт итгэлтэй байгаа бол зарим нь Грекчүүд цаашдын хувь заяагаа сонгох сонголт нь тэдний гарт байгаа учраас зөв сонголт хийх байх гэсэн итгэл найдвартай байна. Европоос Грекийг зорихоор төлөвлөсөн зарим жуулчин Грект очоод банкнаас мөнгө авч чадахгүйд хүрэх вий гэсэн үүднээс аялалаа хойшлуулж байгаа юм байна. Гэхдээ Грекийн эрх баригчид жуулчдын хувьд бэлэн мөнгөний хязгаарт хамаарахгүй, санаа зовох шаардлагагүй гэсэн мэдээллийг өгсөн байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грекийн сөрөг хүчин Засгийн газраа буруутгав  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй