Шууд Chart

Японы бизнес эрхлэгчдэд Монголын тухай мэдээлэл хангалтгүй байна

2015-06-30 14:48:20

Япон, Монголын төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт Токио хотноо салбар хуралдаанаар үргэлжиллээ. Японы томоохон корпорациудаас гадна жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл болох 300 орчим бизнесмэн Монголын компаниудтай хамтран ажиллах боломжийг судлахаар ирсэн байлаа. Тэдний хувьд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, бизнес эрхлэх боломжийн талаар мэдээлэл хомс байдаг нь хөрөнгө оруулалтыг хязгаарлах гол шалтгаан болдог гэж тайлбарласан юм.

Монгол Улс эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээрээ Япон улстай байгуулсан. Ингэснээр хоёр орны бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдэж. Гэвч хоёр талын баялаг бүтээгчдийн дунд мэдээлэл хомс байгаа нь хөрөнгө оруулалтыг сааруулах гол хүчин зүйл болдог байна. Монгол Улсад хөрөнгө оруулах боломжуудын талаар мэдээллээ япон хэлээр бэлтгэх хэрэгтэй байгаа талаар Гадаад хэргийн яамны эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа ярилаа.
 
Үүнээс гадна Японы хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсын талаар сайн мэдэхгүй байна. Эдийн засгийн бодлого, аж ахуй нэгжүүдийг хөгжүүлэх хөшүүрэг, зах зээлийн боломж, улс төрийн тогтвортой байдал гээд олон зүйлийг үндэслэж хөрөнгө оруулалт хийдэг. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт хоёр орны баялаг бүтээгчдэд үнэхээр шаардлагатай байгаа мэдээллээ олж авах, бизнесийн түншлэл эхлүүлэхэд нь туслах зорилготой юм. Энэ талаар Японы бизнес эрхлэгчид өөрсдийн саналаа хэлж байлаа. Тухайлбал,
JETRO-ийн Ерөнхий захирал Жунко Иший: Жетро бол Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай ижил үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний байгууллага. Японы аж ахуйн нэгжүүд уул уурхай, хөдөө аж ахуй, ноос ноолуур, арьс шир, эмийн үйлдвэрлэл гээд өргөн хүрээнд хамтрах сонирхол их байна. Гэхдээ яг өнөөдөр би ийм салбарт хөрөнгө оруулалт хийнэ гээд тогтчихсон хүн ховор байна. Судалгааны шатандаа л явж байгаа. Ганцхан удаагийн уулзалт зохион байгуулах нь мэдээлэл солилцоход хангалттай зүйл биш. Мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тал талаасаа анхааран ажиллаж байна.
 
Япон, Монголын эдийн засгийн хорооны дарга Ё.Кобаяши: Монгол Улс уул уурхайн болон хөдөө аж ахуйн арвин нөөцтэй. Үүнийгээ олборлох, боловсруулах, худалдаалах, Японд авчирч үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд олон талаар ашиглаж болно. Монголд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр борлуулах ч боломж байна. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тээвэрлэх, бусад улсад нийлүүлэхэд хоёр хөршийнхөө аль нэгээр зайлшгүй дайрах шаардлагатай болдог. Энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байна.
 
Монгол Улс хөрөнгө оруулагчдыг хамгаалсан хууль эрхзүйн орчноо тодорхой, тогтвортой болгох ёстой. Нэг сонгуулийн настай улс төрийн шийдвэрүүд нь хөрөнгө оруулагчдыг ихээхэн хүндрэлд оруулдаг. Манайд ийм боломж байна гэдэг мессеж, мэдээллээ ч мөн хөрөнгө оруулагчдад хүргэхэд илүү анхаарах цаг болсныг уулзалтад оролцогсод онцолж байлаа. Ингэж чадвал Монгол Улсын аж үйлдвэрийн салбар хөгжих, нэмүү өртөг шингэсэн олон нэрийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэхэд хялбар болох юм.
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы бизнес эрхлэгчдэд Монголын тухай мэдээлэл хангалтгүй байна  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй