Шууд Chart

Мексикийн буланд их хэмжээний нефть асгасныхаа төлөө 53.8 тэрбум доллар зарцуулахаар болжээ

2015-07-03 16:57:21

Их Британийн нефтийн томоохон компанийн нэг болох Бритиш Петролиум Мексикийн булангийн байгаль орчныг бохирдуулсныхаа төлөө их хэмжээний торгууль төлөхөөр боллоо. Тодруулбал, тус компани 2010 оны дөрөвдүгээр сард Мексикийн буланд их хэмжээний  нефть асгаж бохирдуулсан тул жил бүр 1.1 тэрбум долларыг 18 жилийн туршид нөхөн төлбөр болгон Америкийн мужуудад олгохоор болсон байна.

Ассошэйтэд прессээс мэдээлж буйгаар Би Пигийнхэн Алабама, Флорида, Миссисипи, Луизиана, Техас муж болон орон нутгийн эрх баригч байгууллагын 400 гаруй төлөөлөгчийн хохирлыг барагдуулах тохиролцоог байгуулсан байна. Тус компани нийт 18.7 тэрбум долларын торгууль хүлээхээр болж байгаагийн дотор цэвэр усны тухай Холбооны хуулийн заалтыг зөрчсөний торгууль болох 5.5 тэрбум америк долларыг 15 жилийн хугацаанд төлөхөөр болж байгаа аж. Түүнчлэн тус компани 15 жилийн дотор холбооны Засгийн газар болон 5 мужид 7.1 тэрбумийг нэмээд 4.9 тэрбумийг эдийн засгийн болон санал гомдолтой холбоотой бусад асуудлыг зохицуулахад зориулан төлөхөөр болж байна.
 
 
Энэ талаар Флорида мужийн Ерөнхий прокурор Пэм Бонди “Манай мужийнхан энэ түүхэн яриа хэлэлцээнд тэргүүлэн оролцоод зогсоогүй Флоридагийн ард түмний өмнөөс тохиролцоонд хүрч чадсаныг мэдээлж байгаагаараа би бахархаж байна. Таван жилийн өмнө энэ осол бүх үндэстнийг цочроож байсан билээ. Байгаль экологи, эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амсаад зогсохгүй энэ осол 11 хүний аминд хүрсэн. Түүнээс хойш таван жилийн дараа бид хамтын шийдэлд хүрч экологийн болон эдийн засгийн хүчтэй давалгаа үүсэхээс сэргийлж чадлаа. Бритиш Петролиум Флорида мужид 3.2 тэрбум долларын нөхөн төлбөр олгохоор боллоо“ гэсэн юм.
 
 
 
Үүний зэрэгцээ Би Пигийнхэн нийт 232 сая долларын сан байгуулахыг хүлээн зөвшөөрчээ. Энэ мэтчилэн Мексикийн буланд учруулсан байгаль экологийн сүйрлийн үр дагаврыг арилгахын тулд тус компани нийт 53.8 тэрбум доллар зарцуулахаар болж байна. Би Пигийн Мексикийн булан дахь Макондо цооногийг өрөмдөх үеэр дэлбэрэлт болж 11 хүн амиа алдсаны зэрэгцээ нефть алдагдаж эхэлснийг бүтэн гурван сарын дараа л зогсоож чадсан юм. Энэ хугацаанд нийтдээ 4.9 сая баррель нефть алдагдсан билээ.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикийн буланд их хэмжээний нефть асгасныхаа төлөө 53.8 тэрбум доллар зарцуулахаар болжээ  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй