Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид 8 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд тус яамны Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга Г.Мэргэнбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Лхамсэржид нар болон Барилгын үндэсний төвийн захирал Б.Баярсайхан, Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар оролцлоо.
Айлчлалын үеэр Сайд Ц.Баярсайхан Холбооны тээвэр, барилга хот байгуулалтын яамны ТНБД ноён Н.Бомбетэй уулзаж, хоёр орны барилгын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал солилцон, яам хооронд байгуулах хамтын ажиллагааны Санамж бичгийн төслийг гардуулав.
Мөн Германы сэргээн босголтын зээлийн банк, германы хөрөнгө оруулалт, хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөгч нартай уулзан, Барилга, хот байгуулалтын яам дангаар байгуулагдсан бөгөөд салбарын чиглэлээр томоохон ажлууд хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг товч мэдээлж, монголын барилгын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар танилцууллаа.
Эдгээр төслүүдийн нэг болох барилгын ажлыг улирлын хамаарлаас гаргах зорилго бүхий байшин үйлдвэрлэх комбинат-БҮК1-ийг сэргээн шинэчлэх төслийн санхүүжилтийн 30 хувийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх шийдвэр гарсан бөгөөд 70 хүртэлх хувь буюу 20 сая ам долларын санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх талаар тус банкнаас хүсэв.
Түүнчлэн, хот руу чиглэсэн нүүдэл, төвлөрлийг сааруулах зорилгоор хөдөөгийн хөгжлийг дэмжиж аймаг бүрт 1000 айлын орон сууц барих, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийн барилга, байгууламжийг дэвшилтэт технологи ашиглан барьж, шинэчилж байгааг мэдээлэн, аймгийн төвийг төлөвлөлт, бүтээн байгуулалттай нь хамт хэрэгжүүлэхэд Германы мэргэжлийн болон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Төлөөлөгчид германы тогтвортой барилга байгуулалтын холбоо, германы норм стандартчлалын институтийн ажилтан нартай уулзан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй өндөр барилга, газар доорх барилга, байгууламжийн болон дэд бүтцийн норм ба дүрэм, стандарт, тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог судлаж, монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцсон юм.
Берлин хотноо ГОУХАН-ийн Эшборн хот дахь удирдлагатай уулзан, барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэхэд хүний нөөцийн чадавхийг олон чиглэлээр бэхжүүлэх зайлшгүй хэрэгцээ байгаа ялангуяа, бүс нутаг төлөвлөгч, бүс нутаг судлаач, хот төлөвлөгч, барилга, барилгын материалын инженер зэрэг нэн шаардлагатай мэргэжлүүдээр монголын барилгын салбарын ажилтнуудыг Германд үргэлжлүүлэн сургах чиглэлээр ярилцлаа.
Айлчлалын хүрээнд Лайпциг хотын гар үйлдвэрчдийн танхимийн төлөөлөгч нартай мөн уулзсанаас гадна хуучин барилгын дулаалга, сэргээн засварлалттай холбоотой дулаан техникийн төсөл, эрчим хүчний хэмнэлтэй, ногоон шийдэл бүхий хувийн сууцны цогц шийдэлтэй газар дээр нь танилцсан юм.
Сайд Ц.Баярсайхан ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ | ||
Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.