Архангай аймгийн Тариат суманд "Монгол сарлаг" фестиваль боллоо. Хоёр дахь жилдээ болж байгаа энэ наадмыг Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо, Архангай аймгийн бэлчээр ашиглалтын холбоо ТББ санаачлан, Архангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа. Тус наадам нь сарлагийг ямар ашигтай мал болох, түүхий эдийг нь хэрхэн ашиглаж бэлэн бүтээгдэхүүн болгох талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгыг агуулдаг. Энэ жилийн фестивалийг Тэрхийн цагаан нуур, Хоргын тогооны аялал жуулчлалын бүсийг түшиглэн зохион байгуулсан нь гадна, дотны жуулчдын анхаарлыг татсан арга хэмжээ болж, үзэгчдийн цар хүрээ ч өргөн байлаа. "Монгол сарлаг" фестивалийг баруун 5 аймгийн малчид ч зорин иржээ. Сарлагаас гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн, төрөл бүрийн цагаан идээний үзэсгэлэнг гаргаж, монгол сарлагийн брэнд болсон гол түүхий эд болох хөөврөн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулсан арга хэмжээ ч энэ үеэр болсон юм. Монгол модель агентлагийн загвар өмсөгчид 70-100 хувийн сарлагийн хөөврөөр хийсэн өдөр тутмын хувцас загварын шоуг үзүүлсэн бол "Сор", "Монгол нэхмэл", "Алтай", "Баялаг Өлзий", "Жинст кашмер", "Уужин" болон Английн "Тэнри" /Тэнгэр/ компаниуд хөөврөн бүтээгдэхүүнээ танилцууллаа.
“Монгол сарлаг” фестивалийг сарлагтайгаа зорин ирсэн малчдаас нэг сарлагаас хамгийн их сааль саах, хамгийн сайхан сарлагийн бух шалгаруулах, сарлаг бугуйлдах, булгиулах, хамгийн их хөөвөр бэлтгэсэн, хамгийн сайхан тоног чимэгтэй сарлаг, хамгийн их сарлаг тэрэг хөлөглөн ирсэн багийг шалгаруулсан. Энэ үеэр сарлаг тэрэгний цувааг сонирхож байсан хүн олон байв. Дашрамд өгүүлэхэд, 2014 онд сарлагийн анхны фестивалийг Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулж байсан билээ.

| "Монгол сарлаг" фестиваль боллоо | ||
| Үзсэн: 1529 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.