Шууд Chart

Эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

2015-07-28 12:19:45

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ. Эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай 4 тэрбум орчим төгрөгийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг тус банкны ТУЗ-д зөвшөөрлөө.
 
Эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ч манай улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 80 гаруй хувь, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 100 хувийг хангаж байгаа гол эх үүсвэрүүд болох дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт өндөр болжээ.
 
Тухайлбал, “Дулааны II цахилгаан станц” ТӨХК-ийн үндсэн тоноглол болсон зуух, турбин, генератор 1961-1969 онд ашиглалтад ороод 50 орчим жил, Дулааны III цахилгаан станцын тоноглол 30-40 жил, VI цахилгаан станцынх 20-30 жил болжээ.
 
 Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн ихэнх хэсгийн ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөр болсон зэрэг нь цахилгаан хангамж хэсэгчлэн болон бүхлээрээ хязгаарлагдах, өвлийн улиралд Улаанбаатар хотын дулаан хангамж ноцтой доголдох эрсдэл үүсээд байгаа юм.
 
Иймд хүйтний улиралд дулааны шугам сүлжээг хөлдөхөөс сэргийлж усыг нь эргэлтэд оруулах зөөврийн дунд чадлын генераторууд, зарим онцгой хэрэглэгчдийг хангах зөөврийн том чадлын генератор, 10 болон 35 кВ-ын хуваарилах байгууламжуудыг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн аюулгүйн нөөц бүрдүүлэх гэж байна.

Эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй