Шууд Chart

Мексик газрын тосны хуулиндаа өөрчлөлт оруулна гэлээ

2013-09-05 13:29:55

Мексикийн төрийн тэргүүн улсынхаа эдийн засгийг сэргээх гол хөшүүргээ газрын тосны салбарын гадаадын хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлж, гадны аж ахуйн нэгжүүдийг урьж эхлээд байна. Хэрвээ энэ шинэчлэлт нь амжилттай хэрэгжиж чадвал тус улс өдөртөө 2,5 сая баррель газрын тос олборлох боломжтой болох юм байна.

Тэрээр төрийн өмчийн газрын тосны монополь “Pemex” компанийг гадны хувийн компаниудтай хамтран газрын тос болон байгалийн хий олборлох, боловсруулах эрхийг олгох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа аж. “Pemex” буюу  Мексикийн нефть компани 1938 онд улсын мэдэлд шилжснээс хойш бүх төрлийн нүүрс устөрөгчийн баялагийг эзэмших болсон юм. Одоогийн байдлаар тус аж ахуйн нэгж нь засгийн газрын санхүүгийн гол эх үүсвэр болдог бөгөөд улсын төсвийн гуравны нэг хувийг бүрдүүлдэг учир гадны хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах гэрээг байгуулахын тулд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм. Тус компанийн хувьд 2004 онд бүтээгдэхүүн олборлолт боловсруулалтын оргил үедээ өдөртөө 3,4 сая баррель газрын тос зах зээлд гаргаж байсан. Хэрвээ жилийн 30 тэрбум долларын гадны хөрөнгө оруулалтыг татаж чадвал ирэх жил гэхэд өдөртөө 2,5 сая, 2018 он гэхэд 3 сая, 2025 он гэхэд 3,5 сая баррель газрын тосыг зах зээлд гаргах чадамжтай болно гэсэн тооцоог гаргаад байна. Тус улсын улс төрийн гол гурван хүчин Ерөнхийлөгчийн энэ санал санаачлагыг салбарын шинэчлэлт, хөрөнгө оруулалтын хувьд дэмжиж байгаа боловч нийтийн өмч болох байгалийн баялгийг ийнхүү хувьд шилжүүлэх эрх мэдэл олгох мэт харагдуулах хуулийн төсөл нь иргэдийн шүүмжлэлийг хүлээх магадлалтайг бас анхааруулж байна. Мексик улсын эдийн засгийн хувьд үндсэндээ газрын тосны салбараас хараат, нийтдээ 13,81 тэрбум баррель тосны нөөцтэйд тооцогддог, нилээд гүн өрөмдлөг хийх шаардлагатай болдог тул үйл ажиллагааны зардал өндөр гардаг байна.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексик газрын тосны хуулиндаа өөрчлөлт оруулна гэлээ  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй