Шууд Chart

Даатгагдсан үнэт цаас гаргана

2015-08-07 11:00:26

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хурлаар нийт 21 асуудал хэлэлцлээ. Энэ удаагийн ээлжит хурлаар “Эрчим инженеринг” ХХК-ийн 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50 мянган ширхэг “Эрчим бонд” өрийн хэрэгслийг бүртгэлээ. Тус өрийн хэрэгсэл нь  анх удаа 100 хувь  даатгагдсанаараа онцлог.

Үнэт цаас гаргагч компани хугацааны эцэст үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг хийх чадваргүй болсон тохиолдолд даатгагч компани тухайн өрийн хэрэгслийн үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг хийх юм. Харин тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө тендерийн ажлын гүйцэтгэлд шаардагдах эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх юм байна.

Мөн тус хурлаар даатгалын актуарчийн үйл ажиллагаатай холбогдох “Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын стандарт үнэлгээ болон актуарын хяналт, шалгалт хийх, тайлан гаргах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэхүү журмаар даатгалын актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг тодорхой хугацаатай олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох шаардлагуудыг шинэчлэн тодорхойлж, актуарчийн хариуцлагыг нэмэгдүүлэн, даатгалын компанид тогтвор суурьшилтай ажиллах хугацаандаа олон улсын актуарчийн шалгалтын үе шатуудыг хангаж, мэргэшил, мэдлэгээ дээшлүүлж байхаар зохицуулсан.

Мөн өмнөх журамд актуарчаас Хороонд жил бүр зохицуулалт үйлчилгээний хөлс төвлөрүүлэхээр заасныг хассан нь даатгалын салбарт энэхүү мэргэжлийн үйл ажиллагааг төлөвших хүртэл дэмжлэг үзүүлж буй зохицуулалт юм гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Даатгагдсан үнэт цаас гаргана  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй