Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын 11 дэх удаагийн “Дисковер Монголиа-2013” чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэллээ. Сайд “Манай орны эдийн засагт уул уурхайн салбар онцгой байр эзэлж байгааг онцлоод ДНБ-ний 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувь, экспортын орлогын 90 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Тиймээс уул уурхайн салбарын хөгжлөөс Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт хамаарна. Шинэчлэлийн Засгийн газар уул уурхайн салбарын бизнес, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхийн тулд олон арга хэмжээ авч байгаа” гэлээ. Сайд Д.Ганхуяг энэ удаа уул уурхайн салбарт зарим хүндрэл бэрхшээл үүсээд буйг нуусангүй. Учир нь 2013 онд экспортод гаргадаг төмрийн хүдэр, зэс, нүүрс зэрэг ашигт малтмалын үнэ 13-40 хувиар, салбарын хөрөнгө оруулалт өмнөх оноос 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Ийм нөхцөлд Шинэчлэлийн Засгийн газар эрдэс баялгийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмүү өртөг шингээх замаар дээшлүүлэх, тэргүүний техник, технологи, инноваци, менежментийн нэвтрүүлэх, тээвэр ложистик, транзит тээврийн асуудлыг оновчтой хувилбараар шийдсэнээр зардлыг бууруулах зорилт тавьж байгааг сайд тэмдэглэн хэлсэн юм. Мөн эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд төрөөс боловсуулж байгаа “Алт”, “Жонш”, “Зэс”, “Төмөр”, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг чуулгын төлөөлөгчдөөс хүсч хөрөнгө оруулалтын салхи Монгол Улс руу дахин эргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сайд Д.Ганхуяг уул уурхайн салбарт хүндрэл үүсээд байгааг нуусангүй | ||
Үзсэн: 1584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.