Сонин содон үйл явдлаар дүүрэн нэгэн долоо хоногийн “идэвхтэй” өдрүүд өндөрлөж байна. Зунжингаа амарч, тааваараа сайхан амьдарсан нийслэлчүүдийн хувьд идэвхтэй амьдралдаа эргэж хурдан дасахыг шаардсан тэвдүүхэн өдрүүдийг үдлээ. Нийгмийн салбар бүр шинэ үйл явдлаар дүүрэн байв. Хамгийн эхэнд онцлох нь хичээлийн шинэ жилийн нээлт. Монголын хүн амын 75 гаруй хувийг эзэлдэг хүүхэд, залуусын том баяр. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлал ёсоороо эх орон даяар эхний хичээлийг “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр нээлээ.
Энэ хичээлийн жилд СӨБ-д 191805 хүүхэд, ЕБС-д 504233 сурагч, их, дээд сургуульд 175591 оюутан суралцах юм байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад шинээр 26175 суралцагч элссэн бол ЕБС-ийн босгыг 54641 зургаан настнууд алхлаа. Төрийн гурван өндөрлөг, засгийн газрын гишүүд, төрийн түшээд онцолсон сургуулийнхаа нээлтэд нэг хоёроороо зочилж боловсролын салбарын хөгжил дэвшил, шинэчлэл, ирээдүйн талаар ярьж мэндчилэв. Харин үүний араас их сургуулиудын сургалтын төлбөр, сурагчдын шинэ дүрэмт хувцасны үнэ, чанар, оюутны дотуур байр болон хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудал үргэлжлэн нөгөөх хөөр баярыг нь бөөн бухимдлаар замхруулж орхилоо.
“Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” хэмээх гоё нэртэй өндөр үнэтэй формны асуудал ширүүн өрнөж байна. 60-150 мянгаар үнэлэгдэх шинэ дүрэмт хувцсыг худалдан авахгүй байхыг уриалсан эцэг эхчүүдийн төлөөлөл нэгдээд байна. Цаашилбал зам харилцааны салбарт ихээхэн үр дүнтэй өдрүүд байсан нь таатай. ЭЗХЯ-наас хэрэгжүүлж буй “Гудамж 33” төслийн баг ойрын өдрүүдэд өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн 33 уулзвараас гурвыг ашиглалтад оруулав. Ингэснээр 33 уулзварын ажлын 11 нь хэрэгжээд байгаа юм. Чойр Сайншанд чиглэлийн 176,4 км хатуу хучилттай замыг нийслэлтэй холбосон нь салбарын онцлох асуудлын нэг юм. Харин улс төр, эдийн засаг, хууль, нийгмийн амьдралд өрнөсөн үйл явдлуудаас онцлох хэд хэдэн зүйл болсон.
Эдгээр өдрүүдэд өөр өөрийн онцлог, зорилго, агуулгатай олон улсын болон дотоодын шинж чанартай форум, семинар, чуулган боллоо. Эдгээрээс Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын 11 дэх удаагийн “Дисковер Монголиа-2013” чуулга, БНБУ-ын Ерөнхий сайд Михаил Мясникович тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлал, “Белорусь–Монгол” бизнес форум, Монголын хуульчдын анхдугаар их хурлыг онцлон нэрлэж байна. Нийгэмд өрнөсөн бусад үйл явдлаас тоймлон хүргэе. Монголд барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр энэ 7 хоногт тохиолоо. ШӨХТГ-ын дарга О.Магнай таксины үнийг нэмэх талаар бодлогогүй шийдвэр гаргасныхаа төлөө иргэдээс уучлал гуйсан нь шуугиан дэгдээв.
Нийгэмд О.Магнайг долоо хэмжиж нэг огтлохгүй шийдвэр гаргалаа хэмээн шүүмжлэх, залуу хүний хувьд буруугаа хүлээж уучлалт гуйх соёлыг түгээлээ хэмээн магтах хүмүүс байхад ингэлээ гээд таксинууд үнээ буулгахгүй нь тодорхой гэж үл ойшоогчид ч багагүй байв. УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийг МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат давхар албан тушаал хашиж хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Харин ноён С.Дэмбэрэл “Хуулиараа л шийдэгдэнэ биз” хэмээн хайхрамжгүйгээр хандсан байх юм. Наймдугаар сарын сүүлчээр дараалан гарсан “Нарантуул”, “Сандэй” худалдааны төвүүдийн галын асуудал энэ 7 хоногт ч анхаарлын төвд байлаа.
“Нарантуул” захын хүнсний хэсэгт гал гарсан шалтгааныг тогтоохоор мэргэжлийн баг одоог хүртэл ажиллаж л байна. Засгийн газар ам.долларыг 1700 төгрөгт хүргэхгүй гэж байсан ч үүнийг хазаарлаж дийлсэнгүй 7 хоногийн сүүлээр 1706 төгрөгт хүрсэн нь архаг твиттерчдийг төв талбайд “салаавчтай жагсаал” зохион байгуулахад хүргэлээ. Намрын улирлын хамгийн хариуцлагатай, ачаалалтай энэ сарын эхний 7 хоног цаг агаарын хувьд таатай байсангүй.
Хүйтэн бороо орж, шөнөдөө хөрсөн дээрээ цочир хүйтэрч байгаа нь тариаланчдад хувьд хүндээр тусч байна. Энэ жилийн үр тарианы болц өмнөх жилүүдээс 5-6 хоногоор хоцорч боловсроно гэсэн албаны мэдээлэл салбарынханд төдийгүй нийгэмд цочрол өгөв. Иргэдийн хувьд энэ жил гурилын үнэ нэмэгдэж бас чанар муудаж болзошгүй гэсэн таамаглалаар гурил нөөцлөх тухай ярьж байна.
Налгар намрын нэгэн 7 долоо хоногийн үйл явдлыг зөвхөн тоймлов.
Сонин содон үйл явдлаар дүүрэн нэгэн долоо хоногийн тойм | ||
Үзсэн: 2518 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.