![](/uploads/201309/news/thumb/3e9362dcec8c9507f034738da82920d7_x3.jpg)
“Ноёд” группын ерөнхийлөгч, МУГЖ Т.Ариунаагийн нөхөр гэх тодотголтой Монголын ноён Г.Буяндоржийг Нийслэлийн прокурорын газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бусадтай бүлэглэн онц их хэмжээний мөнгө угаасан хэргээр өнгөрсөн 04 сараас шалгаж эхэлсэн.
Гэтэл тэрээр мөрдөн байцаалтын явцад буюу өнгөрөгч 8-р сарын 12-ны өдөр ор сураггүй алга болсон билээ. ШШГЕГ-аас зарлан дуудах хуудас явуулж, гэрийг нь битүүмжилсэн ч тэр очсонгүй. Хуулийнхан аргаа барж хүч хэрэглэн 8-р сарын 16-нд эхнэрийнхээ хамт Оргил рашаан сувиллын хажууд таван ханатай гэрт байхад баривчилж урьдчилан хорих 461-р ангид хоёр сарын хугацаатай саатуулах шийдвэр гаргасан.
Харин одоогоор түүнийг өмгөөлөгч нь батлан даалтанд авсан бөгөөд гадуур байцаагдаж байна. Яг одоогийн байдлаар Г.Буяндоржийн гэх олон хэргээс Хятадын “Тайшин” компанид Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨК-иас Хурц гэгч өвөрлөгч эртэй хуйвалдан төмрийн хүдрийн баяжмал нийлүүлэхээр гэрээ байгуулан дундаас нь мөнгө завшсан асуудал сөхөгдөж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан нэмж хэд хэдэн хүнийг байцаах ажлыг эхлүүлжээ.
Хэргийн холбогдогчоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал П.Эрдэнэцогт, Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал М.Сайннямбуу нар татагдаж эрүү үүсгэн шалгаж байна. Хуулийнхан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхайлах үүднээс хэрэгт холбогдогчдыг саатуулан шалгаж байна.
Энэ хэргийн сэжмээр Г.Буяндоржтой холбоотой хуучин дарагдсан хэргүүд шинээр сөхөгдөж эхэлсэн байна. Тухайлбал шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас хөрөнгийг нь битүүмжлэх ажлыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас эхлүүлсэн. Гэвч улсын бүртгэлд түүний нэр дээр ямар ч эд хөрөнгө бүртгэгдээгүйн улмаас эхнэр МУГЖ Т.Ариунаагийн “LEXUS 350” маркийн 7878 УБД дугаартай автомашиныг нь битүүмжилжээ.
Цагдаагийхан энэ талаар өөрийн нэр дээрх эд хөрөнгөө ойр дотны хүндээ шилжүүлсэн байж магадгүй гэх таамаглалтай байна. Түүнчлэн Г.Буяндоржид Арбитрын шүүхээс 459 сая төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасны тэн хагас буюу 200 сая төгрөгийг л өгч. Мөн улсын бүртгэлд “Ноёд” гэсэн групп байдаггүй болох нь тогтоогджээ.Тиймээс Буяндоржоор овоглосон энэхүү хэрэг шийдэгдтэл багагүй хугацаа шаардагдаж, цөөнгүй хүнийг хамрах бололтой.
Одоо түүний талд эхнэр, хүүхэд нь баттай зогсож байна. Буяндоржийн том хүү Алдаржавхлан фэйсбүүк хуудсандаа “Манай гэр бүлд хэцүү байгааг хэн ч ойлгохгүй. Намайг онгироо гэж бодож байгаа хүмүүс зүгээр л зурагнаас хүнийг таньдаг ухаан муутай нөхдүүд. Өнөөдөр төрсөн аав маань харанхуй газар сууж байхад би яаж инээж зургаа авахуулав дээ. Би хэний ч өмнө хэзээ ч гутарч зовж байгаагаа харуулахгүй. Учир нь энэ миний амьдрал учраас” хэмээн бичжээ.
Харин эхнэр Т.Ариунаа “Өдрийн сонинд” С.Билэгт гэх эмэгтэй манай хөрөнгийг булаахаар санаархаж энэ бүхнийг зохион байгуулсан. Тэр хүүхэн хэвлэл мэдээллийг ашиглан, манай гэр бүлийн нэр төрд бүдүүлгээр халдаж, компанийн маань барьсан 808 айлын орон сууцыг булаасан.
Миний нөхөр улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй. Татвараа цаг тухайд нь төлдөг жирийн бизнесмэн. Энэ бүхнээс болоод компанийн маань үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Харилцагч, хөрөнгө оруулагч, түншүүд маань эргэлзэхэд хүрч, ажилчдын маань сэтгэл санаа тогтворгүй байгаа” гэжээ. Гэвч түүний үйлдсэн гэх хэргүүд эзэн холбогдогчидтойгоо илрээд ирэхийн цагт эхнэр, хүүхдийнх нь энэ мэт өмгөөлөл юунд ч нөлөөлөхгүй. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хэрэг явдал хэрхэн өрнөх талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Г.Буяндоржийг эрэн сурвалжлахын учиг №2 | ||
Үзсэн: 7503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.