Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь жолооч, явган зорчигчийн эрх, үүргийг нэг бүрчлэн зааж, хууль зөрчвөл ямар хариуцлага ногдуулах заалтыг оруулж өгөхийн зэрэгцээ хариуцлагын арга хэмжээг нэмэгдүүлснээрээ онцлогтой. Замын хөдөлгөөний дүрмийн шинэ хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Орхон аймагт гарсан хэргийн дийлэнхийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлжээ. Тодруулбал, долоо хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолооч, үүнээс 17 жолоочийн эрх хасагдаж 6 сая 528 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин жолооч явган зорчигчдын дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцох явдал дээшилсэн нь өдөр тутмын хяналт шалгалтын явцад ажиглагдаж байгаа гэдгийг хэлж байна.
Тухайлбал, аюулгүйн бүс зүүх хэрэглээ дээшилжээ. Түүнчлэн аймгийн замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилготой гарын авлагыг тараах ажлыг хэрэгжүүлэхээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд уламжилсан байна. Шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгийн замын цагдаагийн тасаг үйл ажиллагаандаа бэлэн бусаар торгууль ногдуулах журмыг нэвтрүүлнэ. Орхон аймгийн ИТХ-аас 10 ширхэг бэлэн бусаар торгох төхөөрөмж авах 40 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгсөн. Энэ журмыг есдүгээр сардаа багтаан хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн шинэчлэн батлагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэмтэй уялдуулан энэ жил тус аймаг босоо болон хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх, нэмж хийхэд нийт 87.8 сая төгрөг зарцуулахаар болсон байна. Үүнээс 18 мянган метр хэвтээ тэмдэглэгээ буюу гарц, цагаан зураас хийнэ. Харин 240 ширхэг босоо тэмдэглэгээг шинээр хийж байна. Хуучин тэмдгүүдийг захын хорооллуудад байрлуулахаар төлөвлөжээ.
| Замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжсэнээс хойш Орхон аймагт 17 жолооч эрхээ хасуулжээ | ||
| Үзсэн: 1534 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.