НҮБ-аас Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр ажиллаж байсан Лахдар Брахими “Европ тивд хууль бус цагаачлалын хямрал улам хүрээгээ тэлж байгаа ийм нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг Сирид энх тайван тогтоох хүчин чармайлтаа сэргээх нь зүйтэй” гэж үзсэн байна. Сирээс 4 сая хүн дүрвэнэ гэж тооцоолж байсан ч Сирийн хөрш орнуудаас олон мянган хүн дүрвэж байгаа учраас энэ тоо улам нэмэгдэх нь гэдгийг Лахдар Брахими онцолжээ.
Үүний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг Сирийн ард түмний аюулгүй байдлыг хангахын төлөө дорвитой зүйл хийхгүй байгаа нь эргээд хууль бус цагаачлалын хямралыг бий болгосон гэх дүгнэлтийг тэрбээр өгч байгаа юм. Мөн Лахдар Брахими НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Сирид зуучлах хүчин чармайлт бүрт хориг тавьж, дотроо хагаралтай байгаа нь "Исламын улс" бүлэглэл улам хүчирхэг болох боломжийг олгосон гэж шүүмжилжээ. Одоо олон улсын хамтын нийгэмлэг Сирид энх тайван тогтоохын тулд улс төрийн шийдэлд хүрэхийн төлөө чармайлт гаргана гэдэгт итгэхээс өөр аргагүй юм гэдгийг ч тэрбээр тэмдэглэжээ.
Лахдар Брахимигийн хувьд дэлхийн олон оронд тэр дундаа Афганистан, Иракийн зөрчил маргаанд зуучлагчаар ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр 2012 онд НҮБ болон Арабын холбооноос Сирид энх тайван тогтоох үүрэгтэй тусгай төлөөлөгчөөр томилогдсон ч өнгөрсөн онд энэхүү албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорсон юм.
| Сирид энх тайван тогтоох хэрэгтэй гэв | ||
| Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.