Шууд Chart

“Хилийн чинадад оршин суугаа болон эх орондоо эргэн суурьших Монгол Улсын уугуул иргэдийг дэмжих арга зам" сэдэвт зөвлөлгөөн боллоо

2015-09-16 14:03:53

Монгол Улсын Гадаад хэргийн яам Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 2015 оны есдүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд “Хилийн чинадад оршин суугаа болон эх орондоо эргэн суурьших Монгол Улсын уугуул иргэдийг дэмжих арга зам" сэдэвт зөвлөлгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус зөвлөлгөөнд төрийн болон  төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, хилийн чинадад сурч, ажиллаж, амьдарч байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийн мэдлэг, туршлага, оюуны чадвар, нэр хүнд, харилцаа холбоог дотоодын байгууллага, иргэдтэй холбож хамтын ажиллагаа өрнүүлэх, тэднээс гаргасан оновчтой санал, санаачилгыг дэмжиж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гадаадад төгсөж ирсэн мэргэжилтнүүдийг дэмжих, эргэн ирж суурьших тогтолцоог бүрэлдүүлэх замаар хилийн чинадад байгаа Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлцэж байгаа юм.

Зөвлөлгөөнийг нээж Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Энэ зарчим нь төрөөс хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн аливаа бодлого нь эх орондоо байгаа болон хилийн чинадад байгаа иргэдэд адил үйлчилнэ гэдгийг бататгаж байгааг онцлон тэмдэглээд, баримт бичгийн төслийг боловсруулахдаа хилийн чинадад буй монгол иргэд рүү чиглэсэн бодлогыг нэгтгэн зангидсан, алсыг харсан, эрх зүйн асуудлыг бүрэн хамарсан, судалгаанд тулгуурласан, иргэдийн саналыг авсан, бодит үр дүнгээр хэмжих боломжтой, амьдралд буусан энгийн байх зэрэг зарчмыг баримтлан ажиллахыг зөвлөмж болгов.

Энэхүү зөвлөлгөөнд хүрэлцэн ирсэн Германы шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хөтөлбөрийг хэрхэн боловсруулах, үр дүнг урьдчилан тооцоолох аргачлалын талаар бусад орны туршлагаас танилцуулж, хөтөлбөрийн төсөлтэй холбогдуулан оролцогчид хэлэлцүүлэг хийх юм.


“Хилийн чинадад оршин суугаа болон эх орондоо эргэн суурьших Монгол Улсын уугуул иргэдийг дэмжих арга зам" сэдэвт зөвлөлгөөн боллоо  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй