Төв болон зүүн Азийн аюулгүй байдлын асуудлаар Монгол, Германы судлаач эрдэмтэд чууллаа. Евро Азийн бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, Ази тивийн их гүрнүүдийн бодлогын тухай өөр өөрсдийн ажигласан дүгнэлт, хийсэн судалгааныхаа тухай тэд санал солилцсон байна.
Монгол, Орос, Хятад гурван улсын гурван талт харилцаа, хоёр их гүрний бодлого Монголд нөлөөлөх нь зэрэг анхаарал татсан асуудлуудыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хөндлөө. Харин үдээс хойших хуралдаанаар Төв Азийн аюулгүй байдалд голлох нөлөө үзүүлж байгаа улс орнуудын чиг хандлага, байр суурийн тухай ярилцсан юм.
Их гүрнүүдийн ашиг сонирхол, байгалийн баялаг, түүхий эдийн төлөөх тэмцэл, цэвэр усны асуудал ч хоёр улсын судлаачдын гол хэлэлцэх сэдэв. Ялангуяа Афганистан, Сири, Иран зэрэг лалын шашинтай улс орнуудын үймээн, мөргөлдөөн төв Ази руу халдварлах уу гэдэг асуудлыг ч эрдэмтэд гарган тавьж байна. Хамгийн гол нь энэ бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад бид юу хийж чадах вэ гэдэг асуудал хурлын гол зорилго болохыг онцолж байгаа юм.
Энэ үеэр Германы Фридрих Эбертийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Штефан Хробот "Монгол улсын хоёр хөрштэйгээ харилцах харилцаа, бодлого, гуравдагч хөршийн хамтын ажиллагааны асуудлыг бид ярилцлаа. Герман улс Монгол улсын гуравдагч хөршийн хувьд цаашид харилцаагаа хэрхэн өргөжүүлэх вэ гэдэг дээр бид анхаарал хандуулж байна. Бид эндээс Монгол руу чиглэсэн бодлогоо тодорхойлж Германы засгийн газар цаашлаад Европ тивийн түвшинд ярих бодлогын суурь тавигдана" гэж ярилаа.
Монгол, Герман хоёр улсын судлаачид өмнө нь эдийн засаг, соёл хүмүүжлийн гээд олон чиглэлээр хамтарсан хурал зохион байгуулж байсан. Харин энэ удаагийн хурал бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг өндөр түвшинд хөндөж байгаа анхны тохиолдол гэж талууд онцолж байна. Эндээс хоёр талын судлаачид шууд дүгнэлт, зөвлөмж гаргахгүй. Асуудал бүр дээр байр суурийн онцлогоо ойлгож ярилцах л хамгийн чухал шийдвэр болно гэж судлаачид мэдээлж байна.
| Төв болон зүүн Азийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцлээ | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.