Шууд Chart

Амгалангийн дулааны станц ирэх сараас халаалтаа өгч эхлэнэ

2015-09-21 17:57:50

Тариа ногоогоо хурааж, хадлан тэжээлээ базааж байгаа энэ өдрүүдэд Улаанбаатарчууд ч өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарч байна. Тухайлбал, Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангах Амгалангийн дулааны станцийг 10-р сарын эхээр ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.

Шинэ дулааны станци халаалтаа түгээгээд эхэлчихвэл хотын зүүн хэсгийг дулаанаар хангахаас гадна дулааны нийт ачаалалаас 10 хувь хөнгөлөгдөнө.

Амгалан дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 100 хувь ачаалал авдаг болсон цагт л хотын зүүн хэсгийн дулааны хангамж бүрэн шийдэгдэгдэнэ. Гэхдээ ирэх сард станц нийт хүчин чадлынхаа 30 орчим хувийг ажиллуулна гэж байна. Өөрөөр хэлбэл, гурван зуухныхаа хоёрыг нь тал хүчин чадлаар ажиллуулж, дулаан түгээлтийг аажмаар ихэсгэж жигдрүүлэх юм байна.

Зөвхөн айл өрхүүдийг дулаанаар хангана гэж тооцвол 50 орчим мянган айлыг дааруулахгүй өвөлжүүлэх хүчин чадалтай Амгалангийн дулааны станцийн барилгын ажил 18 сар үргэлжилсэн. Яг өнөөдрийн байдлаар яндан хоолойнуудыг химийн угаалгад оруулах, зэврэлт болон бусад гэмтлээс сэргийлж дотор нь өнгөр тогтоох, зуухнуудыг хатаах зэрэг технологийн ажлууд хийгдэж байгаа юм байна. Ямар нэг техникийн саатал, гэмтэл гарахгүй л бол төлөвлөгөөний дагуу ирэх сард багтаж дулаанаа өгч эхлэх юм байна.

Амгалангийн дулааны станцийн нэг зуух нь л гэхэд 116 мегаваттын хүчин чадалтай. Нийтдээ 348 мегаватт буюу анх төлөвлөсөнөөсөө ч илүү олон нэгжид дулаан түгээх боломж бүрдэж байгаа юм.

2015-2016 оны өвөл үйл ажиллагааг нь жигдрүүлээд, горимоо тодорхойлчихвол хотын зүүн бүсэд баригдах шинэ орон сууцнуудад, мөн дахинтөлөвлөлтөнд орж байгаа гэр хороололынхон дулааны асуудалд санаа зовхооргүй болох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Амгалангийн дулааны станц ирэх сараас халаалтаа өгч эхлэнэ  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй