Шууд Chart

Нийслэлийн Онцгой байдлын газарт анхны тусламж үзүүлэх 4 машин бэлэглэлээ

2015-09-21 18:13:40

Нийслэлийн онцгой байдлын газар Сөүл хотын Онцгой байдлын газартай хамтран ажиллахаар болсон байна. Онцгой байдлын албан хаагчдыг сургах, шинэ тоног төхөөрөмжөөр хангах зэрэг тодорхой ажлуудыг талууд хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжийн 8 аврагч онцгой байдлын сургалтанд хамрагдахаар өнөөдөр Сөүл хотыг зорилоо.

1,3 сая хүн амтай, газар хөдлөлтийн идвэхтэй бүсэд оршдог, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотын онцгой байдлыг хангаж ажилладаг 1000 орчим аврагч байдаг. Тэд Онцгой байдлын алба байгуулснаас хойш 10 жилийн  хугацаанд 38 мянга гаруй дуудлага хүлээн авч, 7000 орчим хүний амийг аварч, 97 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшгийн аюулаас хамгаалсан. Сөүл хотын онцгой байдлын албатай хамтран ажилласнаар аврагчдын ур чадвар дээшилж, гамшгийн үед ашиглах техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд тусламж үзүүлэх юм.

Энэ үеэр Сөүл хотын онцгой байдлын газрын дарга Гуан Сүн Гён "Монгол улсын онцгой байдлын албанд тоног төхөөрөмж дутагдалтай байдгийг сонссон. Тиймээс хүн хүчний сургалтаас гадна, техникийн бололцоог нэмэгдүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ бүхний эхлэл болгож өнөөдөр НОБГ-т эмнэлгийн түргэн тусламжийн 4 машиныг бэлэглэж байна." гэв. 

Олон сая хүн амтай Сөүл хотын иргэдэд онцгой байдлын үед ажиллах мэдлэг мэдээллийг 4500 сайн дурын ажилтан зохион байгуулдаг. Энэ үйлсэд 3 жил зүтгэж байгаа монгол бүсгүй энэ үйл ажиллагаанд ирсэн байлаа. Гамшиг тохиолдсон үед эрсдлээс хамгаалах мэдлэгтэй байна гэдэг гарз хохирлыг бууруулдаг. дээлэл түгээж, сургалт зохион байгуулах нь чухал үр дүн өгдөг. Сөүл хотын яг ийм туршлагыг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломж байгааг тэрээр ярьж байна.

Сөүл хотын онцгой байдлын албанд 7000 гаруй аврагч ажилладаг. Монголын талаас Сөүлд очиж суралцах 8 аврагч өнөөдөр өглөө явсан. Ирэх сард 24 алба хаагч мөн Сөүл хотыг зорино.


Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт анхны тусламж үзүүлэх 4 машин бэлэглэлээ  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй