Шууд Chart

Өнгөрсөн онд 212 сая ам.долларын экспорт хийжээ

2015-09-28 10:48:11

Аж үйлдвэрийн яам өнгөрөгч баасан гарагт Төрийн ордонд экспортлогч үйлдвэрүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх  уулзалт зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон бусад холбогдох албаны хүмүүс, экспортлогч үйлдвэрийн төлөөлөл бүхий 50 гаруй үйлдвэрлэгч, ГЕГ оролцлоо.

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 336, 337 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан дээрх баримт бичгүүдийг үйлдвэрлэгчдэд танилцуулж, хэрэгжилтийг хангаж, ажиллах талаар санал солилцов.

Монгол Улс одоогийн байдлаар аж үйлдвэрийн өрсөлдөх чадвараар 133 орноос 109 дүгээрт жагсч байна. Мөн үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүний хэмжээ салбарын нийт экспортын ердөө 5.6 хувийг эзэлж байгаа юм. Гэтэл ОХУ-д 28 хувь байгаа бол бидний урд хөрш болох БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын нийт экспортын 40 хувийг үнэ цэн, технологи шингэсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Тэр ч бүү хэл бидэнтэй хамгийн ижил төстэй гэгддэг Казахстан улсын экспортод гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүний 6.8 хувь нь технологийн агууламж бүхий үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн байгаа нь биднээс давуу үзүүлэлт юм. Энэ бүхнээс харахад боловсруулах чиглэлийн экспортлогч компаниуд цаашид технологийн өндөр болон дундаж агууламж бүхий үнэ цэнэ шингэсэн үйлдвэрлэл рүү чиглэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Дэлхийн аж үйлдвэрийн салбарыг өрсөлдөх чадвараараа эдүгээ Япон, ХБНГУ зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тэргүүлж байна. Тэгвэл Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг нэгдсэн, цогц бодлогоор дэмжихийн тулд “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг УИХ баталсан. Гагцхүү дээрх бодлого, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд төр, хувийн хэвшлийн нягт уялдаа холбоо, харилцан ойлголцолд тулгуурласан хамтын ажиллагаа чухал.

Тиймээс ч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад экспортлогч тэр дундаа боловсруулах чиглэлийн экспортлогчдыг урьж, оролцуулсан. Өнөөдрийн байдлаар манай улсад боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг 94 аж ахуй нэгж бий. Нийт 94 аж ахуй нэгж өнгөрсөн 2014 оны байдлаар 212 сая ам.долларын экспорт хийжээ. Энэ нь нийт экспортын 3.6 хувийг эзэлж байгаа тоон үзүүлэлт юм. Тэр дундаа ноолуур, оёмол бүтээгдэхүүн, арьс, ширний салбарынхан дунд буюу нам технологийн боловсруулалт хийж, түүнийгээ экспортод гаргаж байна. Өөрөөр хэлбэл, бидний хагас болон бүрэн боловсруулан экспортолж буй нэг ширхэг үхрийн ширээр 4-5 ширхэг гутал үйлдвэрлэх боломжтой. Үүнийг л бид үнэ цэнэ шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэмээж буй юм.

Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам


Өнгөрсөн онд 212 сая ам.долларын экспорт хийжээ   
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй