Өнгөрсөн зун гантай байсантай холбогдуулан Засгийн газраас бэлчээрийн гарц сайтай аймгуудаас хадлан бэлтгэх хуваарь гаргасан. Тухайлбал, Дорнод аймгийн долоон суманд төвийн болон зүүн аймгуудын хадлангийн 20 гаруй бригад гараад байна. Хадлан бэлтгэлийн ажил 80 орчим хувьтай, цас, бороо орохгүй бол ойрын өдрүүдэд хадлангийн ажил бүрэн дуусна гэж хадланчид ярьж байна.
Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Цагаан-Овоо, Булган зэрэг долоон суманд хадлангийн бригад нэмэлтээр гаргаж, нийт 30 мянган га талбайг чөлөөлжээ. Энэ талбайд төвийн аймгууд болон нийслэл орчмын эрчимжсэн мал аж ахуй, фермүүдийн хадлангийн 17 бригад гарч ажиллаж байна. Наймдугаар сарын эхээр эхэлсэн хадлангийн ажил ерөнхийдөө дуусч, өнгөрсөн долоо хоногоос эхлэн хадлангийн салаанууд бууж эхэлсэн. Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 80 гаруй мянган тонн өвс бэлтгэхээр төлөвлөсний 50 мянга гаруйг нь орон нутагтаа, 30 мянган тонныг өөр аймаг, сумын хадланчид бэлтгэхээр болсон. Тэдний төлөвлөгөө 80 орчим хувьтай, нэг га талбайгаас дунджаар 7-10 центр өвс хураажээ.
Хадлангаас гадна зүүн аймгуудад мөн отрын бүс нутаг болгон хуваарилалт хийж, мал өвөлжүүлэхээр болсон байна. Дорнод аймгийн отрын бүст 300 мянга гаруй мал өвөлжих боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Улсын хэмжээнд ирэх өвөл 58 сая мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Өвөл, хаврыг өнтэй давахын тулд ойролцоогоор 1.4 сая тонн өвс бэлтгэх шаардлагатай. Сүхбаатар, Дорнод аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил мөн 80 орчим хувьтай байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Дорнод аймгаас 80 мянган тонн хадлан бэлтгэнэ | ||
| Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.