Анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэхээр иргэд цаг зав, хөрөнгө мөнгөөрөө хохирох асуудал их гардаг. Энэ хүндрэлийг арилгах, мөн шүүхийн байгууллагын ачааллыг бууруулах зорилгоор “Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хийж байгаа ажлын үр дүнгийн тухай Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэсэн нийт 41 мянган хэргийн 82 хувь иргэний хэрэг маргаан байжээ. Ийм учраас эхний ээлжинд иргэний хэрэг шийдвэрлэхэд зориулсан цахим системийг боловсруулж, ирэх 11-р сард хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, хэргийн оролцогч иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол мэдээллүүдийг гэрээсээ интернэт ашиглан үзэх боломжтой болно. Мөн орон нутгийн нийт шүүхүүдэд видео хурлын төхөөрөмж суурилуулснаар иргэд шүүх хуралдаанд оролцох гэж хот хооронд зардал мөнгөө үрж явах асуудал буурна гэж тооцож байна.
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах програм хангамжийг хэрэгжүүлэх ажлыг ч шинэ менежментийн хүрээнд хийж байна. Тус хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм. Мөн анх удаа Монголын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийг гаргасан байна. Энэхүү эмхэтгэлд бүх шатны шүүхийн 390 гаруй шийдвэрт эрдэмтэн, судлаачид үнэлгээ хийж, 77 шийдвэрийг нь шалгаруулан оруулжээ. Тус бүтээлийг гаргаснаар шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэнд оруулах, шүүхийн шийдвэр дээр дүн шинжилгээ хийх боломж бүх иргэдэд нээлттэй болж байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын мэдээ сувгийн мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
| Иргэд бүх шатны шүүхийн шийдвэрийг цахимаар харах боломжтой | ||
| Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.