Уул Уурхайн Яамнаас “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг сар бүрийн сүүлийн 7 хоногт зохион байгуулдаг. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар Уул Уурхайн Сайд Р.Жигжид салбарын зарим асуудлаар мэдээлэл хийсэн юм.
-Бичил уурхай болон Гацууртын ордын үйл ажиллагаатай танилцжээ
Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах бичил уурхайн цехийн үйл ажиллагаа болон Гацууртын ордтой танилцжээ.
Тэрбээр “Гацууртын ордын тухайд УИХ-ын тогтоол гарч стратегийн ордод хамааруулсан. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч дэмжлэг аваагүй учир үйл ажиллагаа нь зогсонги байдалд байна.
Энэ удаад Түүх археологийн болон Газар зүй, геологийн цэвдэг судлалын хүрээлэнгийн мэргэжлийн хүмүүсийн хамт Гацууртын ордтой танилцсан. Холбогдох мэргэжлийн хүмүүс энэ үеэр түүх соёлын дурсгалт зүйлс, цэвдэгийн судалгааг дахин нягталж үзсэн. Бидний очих үед ордын ойр орчмын газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчид цөөнгүй харагдаж байсан юм.
Гацууртын ордод энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хууль бус ашигт малтмал олборлогч “нинжа” дайран орох үеэр хүн шороонд дарагдаж эмнэлгийн тусламж авсан гэсэн мэдээлэл ирсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн, байгаль хамгаалагчид хамтран “нинжа” нарыг тухайн орд газраас албадан гаргах ажлыг зохион байгуулсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.
-"Эрдэс баялгийн бирж" байгуулах хуулийн төслийг боловсруулж байна-
Засгийн газар 2014 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Эрдэс баялгийн бирж байгуулах тухай 211 тоот тогтоол батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Батлагдсан үзэл баримтлалд үндэслэн 7 бүлэг 28 зүйлтэй хуулийн төслийг боловсруулж байна.
Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн орчин бүрдэж нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах боломжтой болно.
Түүнчлэн эрдэс баялгийн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх ажээ.
Р.Жигжид “Бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ.
Мөн эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болсноор арилжаанд оролцогчдын эрсдлийг бууруулах учраас хөрөнгө оруулагчдын хувьд таатай нөхцөл бүрдэх болно” гэдгийг онцлов.
Уул уурхайн сайдын багцын нийт орлого 146.1 тэрбум төгрөг байна.
Энэ оны эхний найман сарын байдлаар Ашигт Малтмалын Газар нийт 27.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 21.5 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 2.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.2 тэрбум төгрөг байна.
Газрын тосны газар нийт 118.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 116.9 тэрбум төгрөг,бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна. Уул уурхайн сайдын багцын орлого нийт 146.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
-Уул уурхайн салбарын статистик мэдээлэл-
Энэ оны эхний найман сарын байдлаар нүүрс 15.2 сая тонн, алт 7.2 тн, газрын тос 766.9 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 145.8 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 820.3 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 3.7 сая тонн, цайрын баяжмал 61.1 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.
Уул уурхайн сайдын багцын орлого нийт 146.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ | ||
Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.