Шууд Chart

Шатахууны бөөний үнэ 300 гаруй төгрөгөөр буурсан байна

2015-09-30 15:57:52

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авдаг. Уул уурхайн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хэвийн байлгах, нөөцийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр импортлох, гадаадын нэг нийлүүлэгчээс хэт хараат байдлыг бууруулах, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байх, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зэрэгт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Манай улс 2013 оны тавдугаар сараас эхлэн түүхий газрын тосны дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр шатахуун импортлож байна. Тиймээс газрын тосны үнийн бууралттай уялдан импортлогдсон шатахууны хилийн үнэ 2014 оны наймдугаар сард тонн тутамд 1011 ам.доллараас 2015 оны хоёрдугаар сард буюу таван сарын хугацаанд 517 ам.доллар болж буурсан байгаа юм. Шатахууны жижиглэнгийн үнэ нь хилийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрддэг. Сүүлийн үед шатахууны хилийн үнэ буурсантай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээ авсан. Тухайлбал, Монгол банкнаас үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгосон зээлийн хүү 3.8 хувь байсныг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 16-18 хувь болгосон. УИХ-аас 2015 оны Улсын төсвийн тухай хуулиар шатахууны гааль, онцгой албан татвараас төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцон баталсан. Үүнтэй холбогдуулан алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор тонн тутамд А-80 автобензинд 252,000 төгрөг, АИ-92 автобензинд 259,000 төгрөг, Дизель түлшинд 265,000 төгрөгийн татвар тус тус ногдуулсан. Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татвар 1 хувь байсныг 5 хувь болгож нэмэгдүүлсэн байна.

Шатахуун импортлогч компаниуд энэ есдүгээр сарын байдлаар улсын төсөвт 160 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байгаа бөгөөд 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 251.6 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр байна. Нөгөөтэйгүүр газрын тосны үнийн бууралтаас шалтгаалан манай улсаас экспортод гаргадаг газрын тосноос 2015 оны улсын төсөвт төвлөрүүлэх орлого 100 гаруй тэрбум төгрөгөөр тасалдахаар болоод байна. Алслагдсан аймаг, орон нутгаар импортлогдож буй шатахууныг онцгой албан татвараас чөлөөлсөнөөр 2015 оны эхнээс баруун бүсийн аймгуудад жижиглэнгээр борлуулах шатахууны үнэ дунджаар 150 төгрөгөөр буурсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд бөөнөөр борлуулагдаж буй шатахууны литр тутмын үнэ 300 гаруй төгрөгөөр буурч 1390 орчим болсон байна. Мөн энэ оны есдүгээр сараас эхлэн хотын захын дүүрэг, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдаас эхлэн жижиглэнгээр борлуулж буй үнэ литр тутамд дунджаар 60 төгрөгөөр буураад байгаа юм.
 
Эх сурвалж: Уул уурхайн яам
   
 

Шатахууны бөөний үнэ 300 гаруй төгрөгөөр буурсан байна  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй