Шууд Chart

Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өргөн барив

2015-09-30 16:19:00

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурсан нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлж, 2012 оноос гадаад худалдааны нөхцөл муудах, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан. Монголбанк мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогын хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогын арга хэмжээг 2012 оны сүүлээс эхлэн үе шаттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалан, санхүүгийн салбарт системийн шинжтэй эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, эдийн засаг богино хугацаанд огцом агших, ажилгүйдэл эрс нэмэгдэх, санхүү-эдийн засаг-нийгмийн хямрал үүсэх аюулаас зайлсхийсэн болно. Эдийн засгийг зөөлөн газардуулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад чиглэсэн мөнгөний бодлогын багц арга хэмжээний нөлөөгөөр эдийн засаг, санхүүгийн салбарт олон эерэг өөрчлөлтүүд бий болсон болохыг уг тогтоолын төсөлд дурджээ.
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд дунд хугацаанд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийг алдагдалгүй хэвээр байлгах, төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлж улсын төсвийг алдагдалгүй болгох, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах нь эдийн засгийн гадаад, дотоод шинэ тэнцвэр (new normal equilibrium)-ийг бүрэн хангаж, инфляцийг дунд хугацаанд 5-7 хувьд байлгах нөхцөл бүрдүүлэн цаашид эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тооцжээ.
 
Ийм учраас 2016 оны мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэх болно хэмээн үзэж буйгаа Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын даргад танилцууллаа.
 

Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өргөн барив  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй