
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт ажилласаар байна. Тэрбээр нийт 35 хорооноос 28 хорооны иргэдтэй уулзаад байгаа бөгөөд өчигдөр 12, 14 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийсэн юм.
Уулзалтын үеэр иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. “Моннис”, “Бүрд”, “Бэрэн”, “Цагаан хуаран”, “Зургаан талст” гэсэн таван компани 14 дүгээр хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх тендерт шалгарч, оршин суугчидтай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэвч гэрээнд заасан хугацаанд багтаж барилга ашиглалтад ороогүй, тэр ч бүү хэл барилгын ажил нь эхлээгүй компани ч байна. Үүнээс гадна газраа чөлөөлж нүүсэн иргэдэд байр түрээслэх зардлыг зах зээлийн ханшаас доогуур тооцон, дээр нь 10 хувийн татвар суутган олгож байгаа нь бодит зардалд хүрэлцэхгүй, мөн төлбөрийг хугацаандаа хийхгүй байгаагаас иргэд хөлсний байрнаасаа хөөгдөх, алданги тооцуулах зэрэг хүндрэл үүсч байгааг хэлж байв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийслэлийн Засаг дарга болон ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлага, иргэдийн төлөөллийг хамарсан уулзалт зохион байгуулж, эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой гарц олоход анхаарч ажиллана гэлээ. Мөн нөхөн төлбөрөөс шимтгэл авч байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгуулна гэв. Тэрээр цааш хэлэхдээ, өөрсдийн амьдрах орчныг дээшлүүлэхээс гадна нийслэлийнхээ өнгө үзэмжийг сайжруулахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжсэн иргэдийг хохироож болохгүй, ямар ч тохиолдолд иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
13 мянган оршин суугчтай тус хороонд нийт 1800 орчим хашаа бүхий өрх байснаас өнөөдрийн байдлаар 800 орчим нь дахин төлөвлөлтөд хамрагдан, нүүгээд байгаа юм байна. Нийслэлийн 24 байршилд 40-өөд компани гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулснаас 30 орчим нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж, 10 гаруй компанийн үйл ажиллагаа доголдоод байгаа. Өнгөрсөн хугацаанд хотын ерөнхий төлөвлөгөө гэж гаргалгүй, замбараагүй газар олгосноос эмх цэгцгүй барилгууд олноор боссон. Иймд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй компаниуд орон сууцны хороолол, хотхон байгуулахдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний асуудлыг цогцоор нь шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Энэ нь цаг хугацаа болон хөрөнгө мөнгө ихээхэн шаардаж байгаагаас ажил удааширч байгаа талаар Гэр хорооллын хөгжлийн газрын орлогч дарга М.Ганхуяг мэдээллээ.
Иргэд мөн Халдвартын эцсээс Нарантуул зах хүртэлх шороон замыг засч, засмал зам тавьж өгөөч гэсэн хүсэлт тавьж байв. Түүнчлэн “Өгөөмөр” зах болон “Шинэ үе” хотхоны хооронд байгаа эзэнтэй хэрнээ эзэнгүйдсэн газрыг хот мэдэлдээ эргүүлэн авч, сургууль, цэцэрлэг барих хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байлаа. Мөн эдийн засгийн байдал хүндрээд буй энэ цаг үед дийлэнх иргэн байр, машинаа зээлийн барьцаанд алдан, нулимстай үлдэж байгаа тул Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухай хуулийг яаралтай батлахыг хүсэв. Ж.Батзандан гишүүн энэ асуудлыг зохицуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд тулгамдаад буй бас нэг асуудал бол архи хэтрүүлэн хэрэглэдэг, орон гэргүй иргэд аж. Хэдхэн жилийн өмнө 300 хэмээн бүртгэгдэж байсан тэдгээр иргэдийн тоо өдгөө 1000-аар тоологдож, Хархорины задгай зах хаагдсан тул дийлэнх нь тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТ-ийг бараадах болсон. Энэ нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хүүхэд залууст буруу үлгэр дуурайл болохын зэрэгцээ орчны газрыг ихээр бохирдуулж байгаа. Иймд Засаг даргын зүгээс иргэд болон ААН-үүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулах санаачилга гаргасныг тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд дэмжиж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн байна. Түүнчлэн “тэнэмэл” гэгдэх эдгээр иргэдийг урт хугацааны албадан эмчилгээнд хамруулан, мэргэжлийн чиг баримжаа олгож, улмаар харъяаллынх нь дагуу хүргэн өгч, ажлын байраар хангах тал дээр төр бодлогын болон хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хороны хэсгийн, дэд хурандаа С.Батхуяг тойргийнхоо гишүүнээс хүслээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан эл асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэх болно гэдгээ илэрхийлсэн юм.
Тэрбээр өнөөдөр болон маргааш Налайх дүүргийн долоон хороонд ажиллаж, иргэдтэй уулзан, УИХ-аас баталсан хууль, хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийнхээ саналыг сонсоно.
Ж.Батзандан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж, газраа чөлөөлсөн иргэдийг хохироож болохгүй | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.