Шууд Chart

Бүлэглэн хүчиндсэн энэтхэг залууст ялын дээд хэмжээ оноов

2013-09-11 11:33:12

Өнгөрсөн жилийн 12-р сард Энэтхэгийн Шинэ Дельи хотноо оюутан бүсгүйд бэлгийн дарамт үзүүлэн амь насанд нь аюул учруулсан хэрэг гарсан юм. Энэтхэг улсад энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их гардаг төдийгүй улсын хэмжээнд ийм төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлэх хуулийг батлахыг шаардсан олон нийтийн жагсаал цуглаан ихээр зохион байгуулагдах болжээ. Ийм гэмт хэргийг үйлдсэн гэх дөрвөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан өчигдөр эхэлсэн байна. Бусдаас тусламж авах чадамжгүй болсон хохирогчийн амь насыг хохироосон гэсэн үндэслэлээр тэдгээр этгээдүүдэд ялын дээд хэмжээ оноох болно гэж шүүгч Ёогеш Ханна мэдээлсэн аж. Мукеш Сингх, Акшая Такур, Паван Гупта, Винай Шарма нар нь нутаг орноосоо цагаачилж нийслэл хотын өмнөд хэсэгт амьдарч байх хугацаандаа энэ бусармаг хэргийг үйлдсэн гэж шүүх үзэж байгаа юм. Гэхдээ Мукеш Сингхийн өмгөөлөгч нь хэрэг үйлдэгдэх үед жолоо барьж байсан, автобусанд чухам ямар үйлдэл болсон талаар мэдээгүй хэмээн мэдээлж, хэрвээ шаардлагатай гэж үзвэл давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Хохирогчийн ар гэрийнхэн нь тэднийг бүгдийг нь дүүжлэхийг шаардаж, тэднийг цаазалснаар Энэтхэгийн нийгэмд нүүрлэсэн эмэгтэйчүүдийн эрхэнд халдах гэмт хэргийн тоо буурна хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Хуулийн шалтгааны улмаас 23 настай хохирогчийн нэрийг нууцалж байгаа аж. Кино үзвэр тарсны дараа эрэгтэй найзынхаа хамт цагаан өнгийн автобусанд сууж гэртээ очихоор явах замдаа тус хэргийн хохирогч болж бүхэл бүтэн 45 минутын туршид зовж тарчилсан уг бүсгүй Сингапурт эмчилгээнд орсон боловч гэмтлээ дийлэлгүй таалал төгссөн юм. Энэ хэрэг явдлын дараагаар бусдад бэлгийн дарамт үзүүлсний улмаас хохирогч нь таалал төгссөн эсвэл ухаангүй болсон, цаашид эрүүл мэнд нь тогтворгүй болсон үед тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялын дээд хэмжээ оноох хуулийг баталсан байна. Хэрэгтэн этгээдүүд хуулийн энэ заалтын дагуу цаазын ял сонсоод байгаа ажээ.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бүлэглэн хүчиндсэн энэтхэг залууст ялын дээд хэмжээ оноов  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй