Японы зүүн хойд бүс нутагт тохиолдсон байгалийн гамшгаас хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрч байгаа боловч өнөөдрийн байдлаар 215 мянган иргэн түр хугацааны орон байранд амьдарч байна. Хүчтэй газар хөдлөлт хийгээд түүний дараагаар үүссэн цунамийн гамшиг тохиосноос хойш яг 30 сар болж байгаа юм. Үндэсний цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаагаар гамшгийн үеэр 15883 хүн амь насаа алдаж, 2654 иргэн одоог хүртэл ор сураггүй байгаа бол нүүлгэн шилжүүлэлтийн дараагаар 2688 хүн өвчлөлд өртөж амь насаа алдсан юм байна. Энэ байгалийн гамшигт хамгийн ихээр өртсөн Ивате, Мияаги, Фукушима зэрэг засаг захиргааны нэгжийн олон тооны оршин суугчид өнөөдрийг хүртэл түр хорогдох газарт болоод хөлсний орон сууцанд амьдарч байгаа юм. Тэдгээр иргэдийг орон сууцаар хангах барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажиллагаа удаашралтай явагдаж, төлөвлөж байсан ажлын ердөө 1,6 хувь буюу нийт гурван мужийн хэмжээнд 448 орон сууцыг ашиглалтанд оруулсан байна. Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцын ойр орчимд амьдарч байсан иргэдийн хувьд цацрагийн аюул хэзээ арилж, хэдийд орон гэртээ очих талаараа тодорхой мэдээлэлгүй, нэг ёсондоо итгэл нь алдагдаад байгаа аж. Засгийн газар нүүлгэн шилжүүлэлтийн бүс дахь цацраг идэвхийн бохирдлыг арилгах, түвшинг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч төлөвлөсөн цаг хугацаанаасаа хоцорч байна гэж иргэдийн шүүмжлэх болжээ.
| Байгалийн гамшгаас хойш 30 сар өнгөрчээ | ||
| Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.