Шууд Chart

Хувийн хэвшлийн бүх автобус компанийг шалгаж, хариуцлага тооцно гэв

2015-10-09 15:28:40

Хотын удирдлагуудын хувьд өнөөдөр хувийн хэвшлийнхний ажлыг шалгаж, нөхцөл байдлыг үнэн бодитоор тогтоох шалгалтыг хийх ажлын хэсгийг байгуулсан тухайгаа мэдээллээ. Тэд хувийн автобус компаниудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй “түр зогсолт” нэрийн дор ажил хаяж иргэдийг хохироосон учраас алдагдлаа хүлээж, хариуцлагаа үүрэх ёстой гэж үзжээ.

Автобус явахгүй, ажлаасаа хоцорсон, тасалсан гээд олон асуудалтай өдрүүд өнгөрлөө гэж иргэд ярьж, бухимдаж байна. Гэтэл энэ өдрүүдэд тэднийг чирэгдүүлэлгүй, нөөц боломжоо ашиглаад хэвийн горимоор үйлчлэх боломж хувийн хэвшлийнхэнд байжээ гэдгийг хотын удирдлагууд өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн юм.

Ард иргэдийг ийнхүү хохироож, “түр зогсолт” нэрийн дор хоёр өдөр үйлчилгээндээ гараагүй автобус компаниуд нийслэлийн тээврийн газартай хамтарч ажиллах гэрээгээ зөрчиж ажил хаясан, ард иргэдийг хохироож, чирэгдүүлсэн учраас холбогдох байгууллагуудтай хамтарч нарийн шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй гэж хотын удирдлагууд үзэж байна. Шантааж, шахалт үзүүлдэг ийм тохиолдлууд өмнө нь олон гарч байсан ч тухай бүрт нь ярьж тохирч, санхүүжилтийн асуудлыг нь шийдэж явсан ч одоо бол асуудалд хатуу хандана. Хамтарч ажиллаж чадах нэгэнтэй нь ажиллана. Чадахгүйтэй нь харин гэрээгээ цуцлана гэдэг байр суурийг илэрхийллээ.

Улаанбаатар смарт карт компани мөнгө угааж байна. Бас цагийн тарифыг батлаж өгөхгүй байна гэдэг хоёр асуудлыг хувийн хэвшлийнхэн тавьж байгаа. Тэгвэл цагийн тарифыг ирэх долоо хоногт батлахаар болж Улаанбаатар смарт карт компанитай холбоотой асуудлаар ийм  тайлбар өгсөн юм.  

Юутай ч өнөөдрөөс эхлээд автобусууд үйлчилгээндээ гарч эхэлсэн, ажлын хуваарийн дагуу үйлчилнэ гэдгийг хотын тээврийн газраас мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд нийт  77 чиглэлд том оврын автобусууд үйлчилдгээс 35 нь өнгөрсөн өдрүүдэд зогссон байсан юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хувийн хэвшлийн бүх автобус компанийг шалгаж, хариуцлага тооцно гэв  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй